Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2027-2028 онд 50%, 2029 онд 45% байхаар тооцлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, (2026.05.29) баталлаа.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулсан.

Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.

Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) -ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад ДНБ-ий 2%-тай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.

Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн ДНБ-ий 30%-иас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ ДНБ-ий 30%-иас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна.

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0%, 2029 онд 45.0% байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60%-иас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2027 оны төсвийн зарлагын хязгаар, 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлж буй юм.

 

 

Эх сурвалж: ЭЗХЯ