Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ХЯМРАЛЫН СҮҮДЭР ДАГАСАН СТРАТЕГИЙН ШИЛЖИЛТ

Т.Бямбанаран

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ ОЙРОЛЦООГООР 40%-ИАР ӨСЛӨӨ

Ойрх Дорнодод үүссэн хурцадмал байдлын улмаас дэлхийн түүхий нефть болон боловсруулсан түлшний зах зээл бүхэлдээ доргилт авлаа. Энэ оны 2 дугаар сарын 28-нд эхэлсэн АНУ-Ираны мөргөлдөөнөөс үүдэн "нефтийн нийлүүлэлт түүхэн дэх хамгийн том шок"-нд орлоо хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) тодорхойлов.

Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 10-13 сая баррелиар буурч, Персийн булангийн орнуудын экспорт огцом саарсан. Ингэснээр Брент төрлийн нефтийн үнэ богино хугацаанд баррель нь 130-150 ам.долларт хүрч, зах зээлд хүчтэй савлагаа үүсэв. Дан ганц түүхий нефть ч биш, уул уурхайн салбарын үндсэн гол хэрэглээ болох дизель түлшний нийлүүлэлт огцом саарч байна.

Дэлхийн далайн тээврийн гол зангилаа болсон энэхүү суваг хаагдсанаас хойш дизель түлшний үнэ 38%-иар өссөнийг "Atlantic Council" мэдээлсэн. Харин АНУ-д 4 дүгээр сарын 9-ний байдлаар дизель түлшний үнэ нэг литр нь 1.5 ам.долларт хүрч, 2 дугаар сарын 27-ноос хойш 46.2%-иар нэмэгдсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн суурь таамаглалаар оны дунд үе гэхэд нийлүүлэлт хэсэгчлэн сэргэж, газрын тос, байгалийн хийн урсгал аажмаар голдиролдоо орох ч өмнөх түвшинд хүрэхгүй аж. Хэрвээ мөргөлдөөн цаашид үргэлжилбэл нефтийн зах зээл улам хүндэрнэ. "Голдман Сакс" банкны шинжээчид Брент нефтийн үнэ энэ оны III улиралд баррель нь 120 ам.долларт хүөрч болзошгүй гэж үзэж байна. Мөн дизель түлшний жижиглэнгийн үнэ галлон тутамдаа 4–6 ам.доллар болох эрсдэлтэй.

МӨРГӨЛДӨӨНИЙ ӨМНӨХ ЭМЗЭГ ЗАХ ЗЭЭЛ

Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс өмнө нефтийн зах зээл аль хэдийн эмзэг байдалд орчихоод байв. ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтдээ зориуд хязгаарлалт тавьж, газрын тосны үйлдвэрлэлээ хумьж байсан нь гол шалтгаан болсон аж.

Үүнд дэлхийн эдийн засгийн хямрал, хэрэглээн дэх цэвэр эрчим хүчний эх үүсвэр болон шингэрүүлсэн байгалийн хийн шилжилт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлжээ. Тиймээс ОПЕК-ийн орнууд "ирэх жилүүдэд нефтийн хэрэглээ тийм ч их өсөхгүй" хэмээн таамагласан хэрэг.

Гэвч бодит байдал дээр дэлхийн газрын тосны эрэлт КОВИД-19 цар тахлаас өмнөх түвшнээс өндөр хэвээр байна. Түүнчлэн, Орос, Казахстан тэргүүтэй томоохон үйлдвэрлэгч орнууд нефтийн олборлолтоо багасгаж, "шаардлагатай үед нийлүүлэх нөөц" бүрдүүлж чадаагүй гэсэн үг. Иймээс үл ялиг тогтворгүй байдал үүсэхэд л газрын тосны үнэ огцом савладаг аж.

ОРМУЗЫН ХООЛОЙ ДАХИН ХААГДЛАА

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны урсгал 2 дугаар сард өдөрт 20 сая баррель байсан бол 4 дүгээр сард ердөө 3.8 сая баррель/өдөр болж огцом унасан хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдэв. Зөвхөн 3 дугаар сард л гэхэд өдөрт ойролцоогоор 10.1 сая баррель нийлүүлэлт зах зээлд тасалдсан байна.

Зах зээл ийнхүү хүчтэй доргилт авсаны эцэст Иран улсын Гадаад хэргийн сайд Аббас Араччи 4 дүгээр сарын 17-нд Ормузын хоолойгоор нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаанд бүрэн нээсэн ч төд удалгүй дахин хаалаа.

Учир нь АНУ-ын Засгийн газар хэлэлцээрийн хүрээнд өөрийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой Ормузын хоолойг дахин хааж байгааг Ираны тал мэдэгдэв.

"Аль ч улсын, ямар ч төрлийн хөлөг онгоц тус хоолойгоор нэвтрэхийг хориглоно" хэмээжээ. Үүний улмаас олон зуун хөлөг онгоц болон 20 мянга орчим далайчин Персийн буланд гацаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ дахин тасалдсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв.

Ираны тал дээрх гэнэтийн шийдвэрээ тайлбарлахдаа АНУ боомтуудын эсрэг авч буй хоригоо зогсоох хүртэл уг хоолойг нээхгүй болохыг мэдэгдсэнээр талууд эргэн дайсагнасан шинжтэй боллоо.

Ийнхүү "Ормузын хоолойг тойрсон геополитикийн тодорхойгүй байдал дунд нефть болон нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, хэзээ тогтворжих нь тодорхойгүй, халуун цэгт байдал тун бүрхэг байна.

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ БА СТРАТЕГИЙН ШИЛЖИЛТ

Уул уурхайн салбар дизель түлшнээс шууд хамааралтай. Дизель түлш нь ил уурхайн хүнд даацын техникүүд, өөрөө буулгагч машин, экскаватор, генератор зэрэг тоног төхөөрөмжийн эрчим хүчний үндсэн эх үүсвэр. "CEEC International"-ийн судалгаагаар дизель нь ил уурхайн эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 46%-ийг эзэлдэг.

"Nitrol Trading" компанийн үүсгэн байгуулагч Shohruh Zukhritdinov хэлэхдээ, "Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний улмаас хамгийн их тасалдаж буй нь дизель түлш юм" гэсэн байна. Энэ нь зөвхөн нэг төрлийн шатахууны хомсдол бус, тээвэр, ложистик, аж үйлдвэрлэл, уул уурхайн салбарын "суурь" ганхаж болох нь илүү тод харагдаж байна.

Зах зээлд үүсээд буй геополитикийн аливаа цочролыг аль болох эрсдэл багатай даван туулахын тулд дизель түлшний хамаарлаа бууруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, үйл ажиллагаагаа цахилгаанжуулах зэргээр уул уурхайн компаниуд бүтцийн өөрчлөлт хийж байна.

Үүний тод жишээ бол дэлхийд төмрийн хүдрийн нийлүүлэлтээр 4 дүгээрт ордог Австралийн “Fortescue” компани. Тус компани ойрын 12 сард дизель түлшний зардлаас дор хаяж 100 сая ам.доллар хэмнэх, цаашлаад хэрэглээг 1 тэрбум литрээр бууруулах амбицтай зорилт дэвшүүлжээ.

Энэ нь зөвхөн зардал бууруулаад зогсохгүй геополитикийн эрсдэлээс хамгаалах стратегийн алхам юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах нь уул уурхайн салбарын хувьд урт хугацаанд зайлшгүй хэрэгжүүлэх чиглэл болж байгааг геополитикийн эрсдэлт нөхцөл байдал, түлш шатахууны үнийн хэлбэлзэл дахин нотоллоо.

МОНГОЛД ДИЗЕЛЬ ТҮЛШ 4340 ТӨГРӨГ БОЛОВ

Дэлхийн газрын тосны зах зээлийн хэлбэлзэл Монгол Улсад бодитоор мэдрэгдэх болсон. Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээр 2026 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар дизель түлшний үнэ 4320–4340 төгрөгт хүрч, АИ-95 бензин 4010 төгрөг болсон бол бусад шатахуун харьцангуй тогтвортой байна. Энэ нь дизелийн нийлүүлэлтийн хомсдол дотоодын зах зээлд шууд нөлөөлж буйн илрэл юм.

Манай улсын хувьд дизель түлш нь уул уурхайн салбарын нийт зардлын 15–25%-ийг эзэлдэг тул үнийн өсөлт нь уурхайн ашиг ажиллагаанд бодитоор нөлөөлдөг. Тээвэрлэлт, өрөмдлөг, эрчим хүчний зардал өсөж, ялангуяа томоохон ил уурхайн зэс, алтны төслүүдийн мөнгөн урсгал хумигдах эрсдэлтэй. Импортын түлшнээс хамаарал бүхий алслагдсан уурхайнуудад энэ дарамт илүү хүчтэй тусах нь ойлгомжтой.

Иймд “зарим компаниуд хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулах, өргөтгөлийн төслүүдийг царцаах хүртэл эрсдэл үүсэж болно. Харин “далд уурхай болон агуулга өндөр ордууд үнийн хэлбэлзэлд харьцангуй бага өртдөг бол их хэмжээний тээвэрлэлт шаарддаг төмрийн хүдэр, нүүрсний ил уурхайнууд хамгийн эмзэг сегментэд тооцогддог” гэж “Canadian Mining Report” судалгаанд дурджээ.

Нэг үгээр хэлбэл нефть, дизелийн түлшний үнэ өсөхөд Монголын эдийн засаг бүхэлдээ доргино. Шатахуунаа 100% импортолдог манай улсын дотоодын түлшний үнэд гадаад зах зээл шууд нөлөөлж, тээвэр, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх нь гарцаагүй. Нөгөө талаас, түлшний зардал өсөхөд уул уурхайн салбарын ашиг ажиллагаа буурч, экспортын орлого хумигдах эрсдэлтэй. Үүний үр дүнд инфляц өсөж, төгрөгийн ханш сулран эдийн засагт ихээхэн савлагаа үүсэхийг үгүйсгэхгүй.