Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

4-р сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний экспорт 61 хувиар өсөж, Индонезийг гүйцэв

О.Дөлгөөн

Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний экспорт өнгөрсөн дөрөвдүгээр сард хурдацтай өсөж, түүхэн амжилт тогтоолоо. Манай улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч бөгөөд БНХАУ-ын гол түнш байсаар ирсэн Индонези улсыг ардаа орхин, урд хөршийн нүүрсний импортыг тэргүүлж эхэлснийг "Ройтерс" агентлаг онцолжээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас танилцуулсан мэдээллээр, Монгол Улс дөрөвдүгээр сард урд хөрш рүү 11.33 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүгээрээ өмнөх жилийнхээсээ 22 хувиар буурч, 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн Индонези улсыг гүйцэж түрүүллээ.

Оны эхний дөрвөн сарын нийлбэр дүнгээр Индонези улс 61.43 сая тонн нүүрс гаргаж, тэргүүн байр сууриа хадгалж байгаа ч Монгол Улсын экспорт хүч түрэн орж ирэв. Эхний дөрвөн сард манай улс Хятадын зах зээлд 39.37 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс мөн л 61 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин энэ хугацаанд Индонезийн нийлүүлэлт 8 хувиар буурчээ.

Далайн тээврийн аналитик "Signal Ocean" платформын шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, дотоодын үнэ нь хямдарсан нь Индонезийн илчлэг багатай нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулсан байна. Энэ нь хуурай замаар, чанартай коксжих нүүрс нийлүүлдэг Монгол Улсын хувьд давуу тал болжээ.

Өрсөлдөгч орнуудын байр суурь суларч байна

Хятад улс дөрөвдүгээр сард нийт нүүрсний импортоо 14 хувиар танаж, 33.1 сая тоннд хүргэсэн байна. Үүнтэй холбоотойгоор бусад томоохон нийлүүлэгчдийн экспорт эрс буурчээ. Тухайлбал, Хятадын зах зээл дэх гурав болон дөрөв дэх том тоглогчид болох:

  • ОХУ-ын нийлүүлэлт 30 хувиар,

  • Австралийн нийлүүлэлт 39 хувиар тус тус буурсан байна.

Үүнээс гадна Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто нүүрс болон дал модны тосны экспортыг төрийн өмчит компанид төвлөрүүлж, үнийг хянах төлөвлөгөөг танилцуулсан нь олон улсын хөрөнгө оруулагчдыг сандаргаж, тус улсын нийлүүлэлтэд тогтворгүй байдал үүсгэхээр байгааг шинжээчид тэмдэглэв.

БНХАУ-ын нүүрсний импорт ерөнхийдөө хумигдаж, бусад орнуудын экспорт уналттай байгаа энэ үед  Монгол Улсын нийлүүлэлт 61 хувиар өссөн нь манай уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар болон тээвэр логистикийн нөхцөл байдал эрс сайжирсныг илтгэж байна.

Эх сурвалж: reuters.com