Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ: 2026 ОНД ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ, 32.9 САЯ ТОННД ХҮРГЭНЭ 

Credit: ЭТТ

The Mongolian Mining Journal - 2026.04-р сарын дугаар


Б.Төгс

“Эрдэнэс Тавантолгой" компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн голлох үр дүнг танилцуулж сонсгол (2026.04.28) тавилаа.

Тус компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ.

Өнгөрсөн онд манай улсын нүүрсний гол зах зээл Хятадад нүүрсний үнэ 50%-иар буурсан байна. Тодруулбал 2025 оны дунд үеийг дуустал нүүрсний ханш сүүлийн тав, зургаан жилийн доод цэгт хүрч унажээ. Харин долдугаар сараас нүүрсний ханш аажмаар өсөх хандлагатай болж ирсэн нь компанийн үзүүлэлт сэргэх нөхцөл болсон байна. Үүссэн зах зээлийн хүндрэлтэй нөхцөлд экспортын биет хэмжээг бууруулахгүй байх зорилт тавьж ажиллажээ. Улмаар 2025 оны 12 дугаар сард ганцхан сарын хугацаанд гэхэд 4 сая тонн нүүрс экспортолж чадсанаар борлуулалт 27.6 сая тонны гүйцэтгэлд хүрчээ.

Ийнхүү тус компани өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 110%-иар биелүүлжээ. Харин цэвэр ашгийн тухайд 1 их наяд 124 тэрбум төгрөг гарсан нь төлөвлөгөө 70%-иар биелснийг харуулна.

Ийм тоон үзүүлэлттэйгээр тус компанийн 2025 оны санхүүгийн тайлан эцэслэгдэж, аудитын дүгнэлт гарчээ. Хөрөнгө оруулалтын тухайд мөн 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдсэн нь төлөвлөж байсан 1.6 их наяд төгрөгөөс нэлээд доогуур байна. Учир нь тус компани өнгөрсөн онд тэвчиж болох бүх зардлыг танаж ажилласныг компанийн удирдлага онцоллоо.

Өдгөө тус компани улсын хэмжээнд нүүрс экспортын 30.2%, татварын орлогын 6%-ийг дангаараа бүрдүүлж байна.

Тус компани 2026 онд 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулж, 7.9 их наяд төгрөгийн орлого олж, улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн онд борлуулсан нүүрсийг төрлөөр авч үзвэл 17.9 сая тонн нь хатуу коксжих нүүрс, 5.7 сая тонн сул коксжих нүүрс, 3 сая тонн эрчим хүчний нүүрс, 1 сая тонн нь баяжуулсан нүүрс байна.

2025 онд хийгдсэн онцлох ажлууд:

- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Эрдэнэс Тавантолгой компани нь Засгийн газар хоорондын хэлэлцээрээр уг төмөр замын ажлыг санхүүжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Уг төсөлд 848 тэрбум төгрөгийн гэрээний хүрээнд тус компани одоогоор 254.7 тэрбум төгрөгийг гаргаад буй юм. Төслийн явц Өнгөрсөн оны эцсээр 13.3%-д хүрсэн.

- Нүүрс баяжуулах үйлдвэрээ хүлээн авч, туршилт, тохируулгын ажлыг хийж дуусган 2025 онд 1.6 сая тонн нүүрс баяжуулан, 1.3 сая тонн нүүрсний гарцтай ажилласан байна. Өдгөө тус баяжуулах үйлдвэрийг 24 цагийн горимоор ажиллуулж байна. Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай.

- 2025 онд анх удаагаа Хятадын зах зээлийн гүнд нүүрс борлуулах ажлыг амжилттай эхлүүлээд байна. Цаашид уг ажлыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, тэлэх зорилт тавьж байна.

- Өнгөрсөн оны бас нэг гол ажил Баруун Цанхийн хойд хэсэгт шинэ уурхай нээсэн явдал болж байна. Энэ уурхайгаас хагас коксжих нүүрс олборлож байгаа бөгөөд үнслэгийн хэмжээ 10%-иас доогуур гэдгээрээ давуу талтай. Энэхүү нүүрсийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар борлуулахад энэ оны хэмжээнд дунджаар 106 ам.доллар/тонны ханштайгаар арилжаалж байна.

- Мөн Засгийн газраас 2025 оны долдугаар сарын 9-нд гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож нүүрс тээвэр, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. Ингээд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, холбогдох экспорт, борлуулалт, тээврийг нэмэгдүүлсэн байна.

Олборлолтын хүчин чадлын тухайд, өнгөрсөн онд 30.2 сая тонн нүүрс олборлож 181.5 сая метр куб хөрс хуулалт хийж, нийт 203.1 сая метр куб уулын цулыг шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Орд ашиглалтын тухайд Эрдэнэс Тавантолгой өөрийн техникээр олборлолтын 30%-ийг, бусад туслан гүйцэтгэгч буюу гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үлдсэн 70%-ийг гүйцэтгэж байна. Яг одоо ч уурхайн талбайд 4300 албан хаагч, техникийн ажилтнууд, 2000 техник олборлолтын ажил хийж байгааг Н.Цэрэнсамбуу дарга тайлбарлалаа.

Мөн 2025 оны эхний хагаст биржийн арилжаа амжилт муутай явж ирсэн нь нүүрсний ханш буурсантай холбоотой байв. Биржийн арилжаа, экспорт, борлуулалт, тээвэрлэлт оны хоёрдугаар хагасаас идэвхжээд оны төгсгөл гэхэд бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрсэн. Өнгөрсөн оны зөвхөн сүүлийн улиралд нийт 9 сая тонн орчим нүүрс борлуулсан. Өнгөрсөн 2023-2025 онд биржийн арилжаанд 76 худалдан авагч оролцож гэрээ байгуулсан байна. Зөвхөн 2025 оны биржийн арилжааны тоон мэдээг авч үзвэл 152 удаагийн арилжаагаар 812 сая ам долларын худалдааг амжилттай хийж, нийт 12.6 сая тонн нүүрс биржээр борлуулсан байна. Дан хатуу коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрс, хийн нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрс, мидлинг зэргийг биржээр амжилттай арилжаалж байгаа юм. Биржийн арилжааны дүнг улирлаар задалж авч үзвэл 2025 оны 1 улиралд 42 сая ам.доллар, II улиралд 52 сая ам.доллар, III улиралд 327 сая ам.доллар, IV улиралд 390 сая ам.долларын арилжааг зохион байгуулж, худалдан авагчдад нүүрс тээвэрлэн хүргэж өгчээ.

Биржийн арилжаагаар нийлүүлэх нүүрсийг Хятадын Ганцмод, Мандалын боомтод хүргэж өгөхдөө, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах хуулийн ерөнхий гэрээний зохицуулалтаар тээврийг зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд Зам. тээврийн сайдын баталсан жишиг үнэд үндэслэн нийт тээвэрлүүлсэн хэмжээг авч үзвэл батлагдсан тесев 2.81 их наяд төгрөг байсан. Харин сонгон шалгаруулалтын үр дүнд тээврийн үйлчилгээний бодит зарцуулалт 1.16 их наяд төгрөг буюу 1.65 их наяд төгрөгийг хэмнэж чаджээ. Нөгөө талаас зах зээлд маш олон тээврийн хэрэгсэл, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд тээврийн үйлчилгээний үнэ тогтож, улмаар тэрхүү үнээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байгаa ажээ. Ингээд 2025 онд уурхайгаас Ганцмод боомт хүртэл экспорт хийх тээврийн өртөг тонн тутамд дунджаар 38945 төг буюу 10 ам.доллар гаруй дүнгээр хэмжигджээ.

Төмөр замаар нүүрс тээвэрлүүлэх ажлыг холбогдох төмөр замын байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Энэ чиглэлээр Тавантолгой-Зүүнбаян-Ханги чиглэлд болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэн ажиллаж байна.

Ийнхүү компани өнгөрсөн онд багагүй ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Бусад төсөл, хөтөлбөрийн явц ч нэлээд урагштай байна. Тухайлбал, Загийн усны усан хангамжийн цогцолбор буюу 63.6 литр/с хүчин чадалтай ус дамжуулах шугамын ажлыг бүрэн хэрэгжүүлж, нүүрс баяжуулах үйлдвэрээ усаар хангаж байна.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв жилд 20 сая тонн нүүрс ачих бутлах зориулалттай. Баяжуулах үйлдвэрийн тэжээл буюу буталсан нүүрсээ баяжуулах үйлдвэр рүү явуулах, мөн төмөр замд ачих чиглэлээр төслийн бүтээн байгуулалт дууссан. Зүгшрүүлэлтийн шатандаа ажиллаж байна.

2025 онд нэг онцлох ажил нүүрс тээврийн конвейерийн системийн барилга угсралтын ажлыг 14 сарын хугацаанд дуусгаад байгальд ээлтэйн сацуу өртөг зардал багатайгаар баяжуулах үйлдвэрт тэжээл (буюу нүүрс)-ийг аваачиж тээвэрлэдэг болсон байна.

Түүнчлэн компанийн Засвар механикийн төвийн цогцолбор ирэх 5 дугаар сард ашиглалтад орох ажээ. Компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг ТУЗ-өөр батлууллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорин хотын ногоон бүсэд 300 мянган шилмүүст мод тарьж ургуулах ажлыг амжилттай эхлүүлжээ.

Үүнээс гадна нийт 1.3 их наяд төгрөгийн өртөгтэй Газрын тос дамжуулах хоолойн төслийн явц 89%-д хүрсэн бөгөөд үүнд компаниас 920 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна.

Цаашид компани нээлттэй хувьцаат компани болохоор идэвхийлэн ажиллаж байна. 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг хурлаар танилцуулав. Тодруулбал өнгөрсөн оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65.55 төг буюу 1072 ширхэг хувьцаатай иргэн бүрд 70270 төг (татварын дараа 63242 төг) оногдож, 4 дүгээр сарын 30-нд багтаан олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр нийт 3.4 сая хувьцаа эзэмшигч иргэнд 208 тэрбум төгрөг, Хуримтлалын санд 196 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү компанийн бизнес төлөвлөгөөний биелэлт 2025 онд үндсэндээ 85%-д хүрсэн байна. Мөн хурлын маргааш нь Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг өвлүүлэхээр шийдвэрлэснээ зарласан юм. Ингэснээр нийт нас барсан 132.2 мянган иргэний хувьцааг өвлүүлэх нөхцөл бүрдлээ.