Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа

Б.Төгс

Засгийн газрын ээлжит хуралдаанаар аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар салбарын сайд Г.Дамдинням тодорхой мэдээлэл (2026.05.20) өглөө. Тухайлбал Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Тус тогтоол батлагдсанаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эд (аммиакийн шүү)-ийн импорт эрчимжих, уулын үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм.

Сайд “Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын ач холбогдол нь бензин шатахууны хувьд манай улс импортоос бүрэн хамааралтайн нэгэн адилаар тэсэрч дэлбэрэх бодис буюу уул уурхайн үндсэн тэсэлгээний ажилд зориулагддаг материалаа бүрэн импортоор хангадаг. Иймд манай улсад тэсэлгээний бодис импортолдог боомтуудын тоог нэмэгдүүлэх, үүний бэлтгэл ажлыг хангах, орж ирсэн тэсрэх бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлд үүрэг даалгавар өгсөн ийм тогтоолын төслийг батлууллаа. Үүний үр дүнд боомтуудын тоо нэмэгдэнэ, хилийн бүртгэл хийдэг шат дамжлага хурдасна, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хөршүүдтэйгээ хийх ийм даалгавар бүхий тогтоол батлагдлаа. Хоёрдугаар асуудал нь Хөнгөнцагааны АҮПарк Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байгуулах ажлын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Уг төсөл бол хэмжээгээрээ Оюутолгойгоос том хэмжээнд тооцогдох ийм төслийн бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хувьд газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудалд Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр идэвхитэй үргэлжилж байна. Мөн Дархан-Уул аймагт баригдах ган хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар сонслоо. Манай улсын хөгжил дэвшлийн суурь салбар болохын хувьд дотооддоо гангийн хэрэглээгээ бүрэн хангаад цаашид өндөр чанарын ган бүтээгдэхүүнийг бусад улс руу экспортлох хүчин чадалтай ийм үйлдвэртэй болох юм. Энэ ажлын тухайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн олон улсад тендерийн зарлал тавигддаг цахим сайтуудад байршуулсан. Мөн манай улсад суугаа Элчин сайдын яамдууд болон гадаад орнуудад суугаа өөрийн улсын элчин сайдын яамдаар дамжуулж мэдээллийг хүргүүлсэн. Энэ сарын 11-ний өдөр үндсэндээ нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх хугацаа нь дууссан. Одоо ирж байгаа оролцогчдын материалыг үзэх, үнэлэх ажлыг хийх ажлын хэсэг байгуулагдаж байна. Дархан-Уул аймгийн ИТХурал 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг дэмжээд саналаа ирүүлсэн, энэ жилдээ багтаад гэрээ хэлэлцээрийг дуусгаж ажлаа эхлүүлэх зорилготой ажиллаж байна.

Дөрөвт, өчигдөр Рио Тинтотой Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээр хийж (Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг) Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээд ажлаа танилцууллаа. Төслийн нэгдүгээр үед 2.2 тэрбум долларын зардлыг бууруулж 1.5 тэрбум ам.долларыг Монголын талын өгөөжид нэмэгдүүлэх ийм ахиц гаргасан. Хоёрдугаар үе шатад бас яг ийм хэмжээний үр ашгийг Монгол улсад авах ийм тооцоолол гараад явж байна. Оюу толгой төсөл бол үе шатуудтай, хүдрийн бүлэг орд, тэгэхээр үйл ажиллагаа явагдах тусам манайд ашиг нэмэгдэнэ. Ерөнхий зарчим бол олон улсын жишигт хүргэх, Рио Тинто талаас нэмэлт үйлчилгээ үзүүлж байна гэсэн тодорхойлолттойгоор хоёр ч нэмэлт менежментийн төлбөр авдаг байсныг 100% зогсоож байна. Гуравт, хэлэлцээрийн албан ёсоор эхэлсэн хугацааг 2026 оны 1 дүгээр сарын 1 байхаар тохиролцоонд хүрч чадсан үр дүнтэй байна” гэв.