Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Онтрэ Ресурс нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

Эх сурвалж: entreeresourcesltd.com

О.Дөлгөөн

"Онтрэ Ресурс" (Entrée Resources Ltd.) компани нэгдүгээр улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа албан ёсоор танилцууллаа. Тайлант хугацааны эцэст компани 3.5 сая ам.долларын мөнгөн хөрөнгө, 3.4 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа бөгөөд үйл ажиллагааны алдагдал нь хувьцаанд суурилсан урамшуулал олгосноос шалтгаалан ялимгүй өсөж, 0.7 сая ам.долларт хүрсэн байна.

Энэхүү улиралд компанийн зүгээс Шивээ толгой болон Жавхлантын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг өөрийн Монгол дахь охин компани болох “Онтрэ” ХХК-иас хамтарсан түнш болох "Оюу толгой" ХХК-д шилжүүлэх ажилд гол анхаарлаа хандуулан ажиллажээ. Уг зөвшөөрлийг шилжүүлснээр гүний уурхайн “Панель-1” хэсэгт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Үүнтэй холбогдуулан Онтрэ Ресурс компаниас Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэгт Төрийн эзэмшлийн 34 хувийн оронд баяжмалын борлуулалтын нийт дүнгээс тооцож роялти төлөх урьдчилсан саналыг хүргүүлсэн байна. Тус компани Ерөнхий сайд Н.Учрал болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын бүрэлдэхүүнтэй засгийн газрын шинэ багтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр хүлээж байгаагаа илэрхийлэв.

Хамтарсан үйлдвэрийн талбайн хайгуулын ажлын хүрээнд “Hugo North Extension” ордод гүний уурхайн 16 цооногт нийт 9,136 метр алмазан өрөмдлөг хийх хөтөлбөрийг баталсан бөгөөд 2026 оны эхний хагаст багтаж нөөцийн шинэчилсэн загвар бэлэн болох хүлээлттэй байна. 

Түүнчлэн Оюу Толгойн гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгааг Рио Тинто болон "Оюу толгой" ХХК-иас мэдээлсэн. Тайлант улиралд гүний уурхайн зэс, алтны олборлолт төлөвлөсөн хэмжээнээс 10 гаруй хувиар давж, шинэ дээд амжилт тогтоосон бөгөөд II хэсгийн бүтээн байгуулалтын ажил хугацаанаасаа түрүүлж яваа аж. Оюу толгой төсөл нь 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох бөгөөд 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох зорилт руугаа төлөвлөгөөний дагуу урагшилж байна.