Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Засгийн газар: “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг 2 дахин багасгахаар тохиролцов

-Цаашид Онтрегийн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүд хүлээгдэж байна-

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгой төслийн хэлэлцээрүүдийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох менежментийн төлбөрийн хэлэлцээр дээр ахицтай ажиллаж чадсан тухай мэдээллээ. Тодруулбал “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрч чадсан байна.

Үр дүнд нь 2.2 тэрбум долларын зардал буурч, Монгол улсын өгөөж 1.5 тэрбум доллароор нэмэгдэх юм байна.

Энэ талаар Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилтаа, үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Рио Тинто групптэй Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ төдийгүй Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөн нэмэгдэх сайн мэдээ. Он жил дамжин яригдсан, олон түмэн хүсэн хүлээж, нэхэж шаардаж байсны үр дүн юм.  Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ.  Монголчууд эрх ашгаа хамгаалж чаддаг, хөрөнгө оруулагч нартай нэг түвшинд яриа хэлэлцээр хийж чаддаг гэдгийн үр дүн юм. Эх орныхоо баялгийн өгөөжийг иргэндээ илүү хүртээхийн төлөө дуусдаггүй яриаг дуусгах олон сорилтууд бидний өмнө байна. Цаашид “Онтре”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүдэд амжилт гаргахын төлөө Засгийн газар хичээж ажиллах болно” гэв.