Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

АСТАНАГИЙН УУЛ УУРХАЙ, МЕТАЛЛУРГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Ч.Сансар

Астанагийн уул уурхай, металлургийн (AMM  буюу Astana Mining & Metallurgy Congress) 16 дахь удаагийн чуулга уулзалт 6-р сарын 11-12-ны өдрүүдэд Hilton Astana зочид буудалд болно. Уг арга хэмжээнд дэлхийн уул уурхайн салбарын тэргүүн компаниуд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид оролцож, Казахстаны уул уурхай, металлургийн салбарын ирээдүйн талаар хэлэлцэнэ.

Цахим болон технологи ийнхүү хурдацтай хөгжиж буй цаг үед уул уурхай, металлургийн салбар хэрхэн дасан зохицож, өөрчлөгдөж буй асуудал нь энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв болж байгаа юм байна.

Чуулга уулзалтын эхний өдөр дэлхийн уул уурхайн салбарын түншлэлийн талаарх нэгдсэн хуралдаанаар эхэлнэ. Дараа нь олон улсын металлын зах зээл, экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчин, татвар, геологийн хайгуулын талаар хэлэлцүүлгүүд өрнөнө.

Тус арга хэмжээний онцлох үйл явдал нь критикал минералын олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд Төв Азийн гүйцэтгэх үүргийн талаар ярилцах C5+1 хэлэлцүүлэг юм. Мөн оролцогчид олон улсын хамтын ажиллагаа, салбарын хөгжлийн асуудлуудыг хэлэлцэнэ.

Уулзалтын хоёр дахь өдрийн гол анхаарал нь хиймэл оюун ухааныг уул уурхайн салбарт өргөн нэвтрүүлэх, дижитал технологи, тогтвортой уул уурхай, инновац зэрэг сэдвүүд дээр төвлөрнө.

Үүнээс гадна Казахстаны алт үйлдвэрлэгчдийн форум зохион байгуулагдаж, нүүрсний болон алтны салбарын асуудлууд, хөгжлийн талаар ярилцана. Чуулга уулзалттай зэрэгцээд үзэсгэлэн зохин байгуулагдаж, хайгуул, олборлолт, боловсруулалт, автоматжуулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдалтай холбоотой дэлхийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ, ухаалаг шийдлүүдийг танилцуулна. 

Канад, Хятад, Чех, Эстони, Финлянд, Франц, Герман, Казахстан, Оросын компаниуд болон Саудын Араб, АНУ, Шведийн компаниуд ирж оролцох төлөвтэй байна. Мөн XCMG, INCO Engineering, David Brown Santasalo, Becker Mining Europe зэрэг компаниуд шинээр оролцоно гэдгээ мэдээлсэн.

Энэ жилийн арга хэмжээнд компаниудад танилцаж, бизнесийн хэлэлцээр эхлүүлэх боломж олгоно. Өмнөх жилд салбарын 2900 орчим мэргэжилтэн, 50 компани оролцсон. Оролцогчдод B2B болон B2G уулзалт хийх боломж бүрдүүлнэ. 6-р сарын 13-нд компаниудын төлөөлөгчид “Кармет” гангийн үйлдвэрээр зочилж, орчин үеийн металлургийн үйлдвэрлэлтэй танилцана.

Казахстаны Үндэсний Статистикийн Газрын мэдээлснээр, тус улсын аж үйлдвэрийн индекс 2025 онд 107.6%-д хүрсэн бөгөөд нүүрс, газрын тос, хий болон бусад ашигт малтмалын олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор уул уурхайн салбар бараг 9-10%-ийн өссөн байна.

Эдгээр үйл явдлууд нь уул уурхайн салбар Казахстаны эдийн засагт ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Тиймээс AMM 2026 чуулга уулзалт нь инновацыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Энэхүү арга хэмжээг Казахстаны Iteca компани олон улсын түнш ICA Events Group-тэй хамтран зохион байгуулна.

Төрийн талаас тус арга хэмжээг Казахстаны Аж Үйлдвэр, Барилгын Яам дэмжиж оролцоно. Мөн Астана хотын захиргаа, Уул уурхай металлургийн үйлдвэрлэгчдийн холбоо, Үнэт металл үйлдвэрлэгчдийн холбоо, Үндэсний бизнес эрхлэгчдийн Атамекен Танхим, Казахстаны Үндэсний Геологийн Хайгуулын Газар, Kazakh Invest, Visit Astana зэрэг байгууллагууд албан ёсоор дэмжлэг үзүүлнэ. AMM 2026-ийн ерөнхий түнш нь “Кармет” үйлдвэр юм.

Эх сурвалж: The Astana Times