
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлсэн Салхитын мөнгө-алтны ордын төсөл нь төрийн өмчит компаниуд дунд засаглал болон санхүүгийн сахилга батаараа жишиг болохуйц үзүүлэлттэй байна. Тус хамт олон өдгөө 100 гаруй тонн алтны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах дараагийн том гараан дээрээ иржээ. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Ч.Болдбаатартай технологийн инновац болон ирээдүйн төслүүдийн талаар ярилцлаа.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК Салхитын мөнгө-алтны үндсэн ордын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн ололт амжилт, гүйцэтгэлийн үр дүнг Та хэрхэн дүгнэж байна вэ?
Манай компани 2019 онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилтийг бүрдүүлэх тусгай үүрэгтэй байгуулагдсан.
Төсөл эхлэхэд орд нөөц багатай, өмнөх эзэмшигчид нь сорчилж олборлосон байдалтай төрд шилжиж ирсэн юм. 2020 оны ТЭЗҮ-ээр тус уурхайг 5 жил ашиглаж, 462.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олохоор тооцоолж байсан бол өнөөдрийн байдлаар бид энэхүү төлөвлөгөөг 200 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байна. ТЭЗҮ-д заасан хугацаа дууссан ч ашиглалтын хайгуулыг оновчтой гүйцэтгэж, нөөцөө өсгөж чадсанаар уурхайн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилж байна. Мөн баяжуулах технологио тасралтгүй хөгжүүлж, металл авалтыг сайжруулсан нь үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг боллоо.
Төслийн үр ашиг, нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл болон салбартаа тогтоосон жишиг туршлагаасаа хуваалцана уу?
Тоон үзүүлэлтээс дурдвал, 2021 онд батлагдсан ТЭЗҮ-ээр таван жилийн хугацаанд 29.1 мянган тонн баяжмал үйлдвэрлэж борлуулахаар тооцоолсон байдаг бол бид 2025 оны гүйцэтгэлээр 50 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө бараг хоёр дахин давуулан биелүүлээд байна.
Төслийн үр ашиг, тогтвортой байдлыг хангахад инженерчлэлийн оновчтой шийдэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Орд дахь мөнгө, алтны агуулга жил ирэх тусам буурч, борлуулалтын орлогод шууд эрсдэл учруулж байсан ч манай инженерүүд технологийн шинэчлэлийг цаг алдалгүй нэвтрүүлснээр төслийн насыг мэдэгдэхүйц уртасгаж чадсан юм. Хэдийгээр үндсэн хүдрийн биетийн нөөц шавхагдаж байгаа ч бид өмнө нь нөөцөлсөн хүдрээ дахин боловсруулах замаар үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж байна.
Товчхондоо, Салхитын төсөл бол Монгол инженерүүд өөрсдийн хүчээр мөнгөний баяжмалыг эх орондоо үйлдвэрлэж, ТЭЗҮ-ээс давуулсан ашиг олж, олборлолтын эхний шатнаас л нөхөн сэргээлтийг бодит ажил болгож чаддагийг харуулсан жишиг төсөл боллоо.
БОНЗ (Байгаль орчин, Нийгэм, Засаглал) стандарт болон дахин хөрөнгө оруулалтын(re-investment)санхүүгийн бие даасан загвар танай дээр хэрхэн хэрэгждэг вэ?
Бид "Эрдэнэс Монгол" нэгдлийн засаглалын ил тод байдал, санхүүгийн сахилга батыг чанд баримталдаг. Салхитын төсөл нь Хөгжлийн банкаар дамжуулан босгосон тэтгэврийн зээлийн бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг борлуулалтын орлогоороо шат дараатай барагдуулдаг онцлогтой.
Дахин хөрөнгө оруулалтын тухайд, бид ашгаа шууд бондын төлбөрт шилжүүлдэггүй. Нэгдлээс баталсан жилийн төсвийн хүрээнд үйл ажиллагаа болон хайгуулын зардлаа санхүүжүүлж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа авч үлдээд, үлдэх хэсгийг бондын төлбөр болон улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэхүү санхүүгийн загвар нь төрийн өмчит компани өөрийгөө санхүүжүүлэх замаар төслийн насжилтыг уртасгах, хайгуулыг тасралтгүй явуулах боломжийг олгож байна.
Мөн манай компани 2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт 77.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр энэ жилийн Татвар төлөгчдийн өдрөөр Том сегментийн "Шилдэг татвар төлөгч" 10 компанийн нэгээр шалгарлаа.
Компанийн бизнес төлөвлөгөө бодит хэрэгжилтийн түвшинд ямар үр дүн үзүүлж байна вэ?
Манай компанийн гүйцэтгэлийн төлөвлөгөө тогтмол 100-аас дээш хувийн биелэлттэй явж ирсэн. Өнгөрсөн жилийн Гүйцэтгэлийн хяналт-шинжилгээний (ХЭХ) үнэлгээгээр "Эрдэнэт үйлдвэр"-тэй зэрэгцэхүйц оноо авч, нэгдлийн хэмжээнд хамгийн өндөр үнэлгээ авсан. Тухайлбал, Монголд анх удаа баяжуулах үйлдвэрийн хаягдал хүдрийг флотацийн аргаар дахин боловсруулах технологийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Мөн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх хүрээнд Овоот хяр төслийн "Хойд бүргэд" алтны үндсэн ордын исэлдсэн хүдрийг ашиглах нарийвчилсан ТЭЗҮ болон усны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа. Энэхүү төслийн гол онцлог нь зөвхөн баяжмал бус, эцсийн бүтээгдэхүүн болох цэвэр металл гарган авч, улсын алтны нөөцийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Түүнчлэн Салхитын “Зүүн” эрлийн талбайд 3.1 тонн алтны нөөцийг шинээр тогтоож батлуулсан нь үндсэн төслийн насжилтыг уртасгаж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг нээж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр 700 гаруй ажилтан албан хаагч, инженер, техникийн ажилтны ажлын байрыг тогтвортой хадгалж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Алтны үндсэн ордын олборлолтод сонгосон технологи болон говийн бүсийн эмзэг экосистемд усны хэмнэлтийг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
Манай төслүүдийн дийлэнх нь усны нөөц хомс говийн бүсэд байрладаг тул бид технологийн сонголтдоо усны хэмнэлтийг нэгдүгээрт тавьдаг.
Салхитын мөнгө-алтны ордын хувьд Монголд анх удаа мөнгөний баяжмалыг флотацийн (хөвүүлэн баяжуулалт) аргаар үйлдвэрлэж байна. Флотаци нь усны хэрэглээ өндөртэй технологи боловч бид эргэлтийн усны системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн усныхаа 80 гаруй хувийг дахин ашиглаж, ердөө 20 хувийг байгалийн эх үүсвэрээс нөхөж байна. Цаашид баяжмал болон хаягдлаас усыг бүрэн шүүж авах технологио боловсронгуй болгосноор усны эргэлтийг 100 хувьд хүргэж, гаднаас ус авах шаардлагагүй "битүү цикл"-т шилжих зорилт тавин ажиллаж байна.
Өмнөговь аймаг дахь шинэ төслүүдэд исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах (heap leaching) технологийг сонгосон. Энэ нь усны хэрэглээ маш бага, ашигласан усаа бүрэн эргэлдүүлэх боломжтой давуу талтай. Нуруулдан уусгах арга химийн бодис (цианид) шаарддаг тул бид олон улсын тендерт "байгальд ээлтэй технологи" гэсэн хатуу шалгуур тавьж, нөхөн сэргээлтийн дүйцүүлэх хөрөнгийг урьдчилан барьцаалах зэрэг засаглалын механизмыг бүрдүүлсэн.
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон МЕРИТ төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй уурхайн хаалтын менежментийн үйл явц, үр дүнгийн талаар хуваалцвал?
Бид байгаль орчны хариуцлагыг эн тэргүүнд тавьж, Канадын "Мерит" төсөлтэй хамтран уурхайн хаалтын менежментийг олон улсын жишгээр хэрэгжүүлж байна. Олборлолтын явцад үүссэн 24 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, өмнө нь уурхайн олборлолтоос үүссэн овоолгыг хэлбэржүүлж, хөрсжүүлэн ургамалжуулах замаар байгалийн уулын төрхөд нь орууллаа. Мөн ирэх 10 жилийн хугацаанд хаалтын менежментэд 60 орчим тэрбум төгрөгийн зардал төлөвлөсөн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоогоор 570 гаруй мянган мод тарьж ургуулаад байна. Бид зөвхөн Салхитад төдийгүй Богд уулын Хийморь овооны орчимд 6000 гаруй мод тарьж, энэ жил дахин 10 мянгаар нэмэхээр төлөвлөсөн. Түүнчлэн шинээр байгуулагдаж буй Хархорин хотын ногоон байгууламжид зориулж 40 орчим мянган мод тарьж, сум бүрд мод үржүүлгийн газруудыг нээж өгч байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бид үйл ажиллагаа явуулж буй Дундговь аймаг төдийгүй Өмнөговь, Баянхонгор зэрэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аймгуудтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Өнгөрсөн жил Дундговь аймгийн 12 оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, Өмнөговь аймагт хүүхдийн цэцэрлэг, Баянхонгорт бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байна.
Онцлоход, манай компани "Эрдэнэс Монгол" нэгдэл дундаа геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлсэн үзүүлэлтээрээ тэргүүлж “Эрдэнэс Монгол” нэгдлээс 100 сая төгрөгийн шагнал авсныгаа бид Дундговь аймгийн Эрүүл мэндийн төвд хамгийн сүүлийн үеийн, олон төрлийн оношилгоо хийх боломжтой, өндөр хүчин чадал бүхий эхо аппарат авч өгөхөд зарцуулсан.
Монгол Улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх, геологи хайгуулыг эрчимжүүлэх чиглэлд ахиц амжилт, шинээр илрүүлсэн нөөц болон ирээдүйн төслүүдийнхээ талаар дэлгэрүүлвэл?
Бид одоогоор ашиглалтын хоёр, хайгуулын долоон тусгай зөвшөөрөл буюу нийт есөн лиценз эзэмшиж байна. Салхитын мөнгө-алтны ордын үндсэн хүдрийн биетийн нөөц дуусаж байгаа хэдий ч бид зүүн хүдрийн биетийг шинээр илрүүлж, 3.9 тонн алтны зүүн хүдрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлж чадлаа. Одоогоор уг нөөцийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд батлагдсан даруйд нь төсөвт тодотгол хийж, энэ жилдээ багтаан шинэ уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорин ажиллаж байна.
Мөн Салхитын баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал хүдрийг үүсмэл орд хэлбэрээр бүртгүүлж, БНСУ, БНХАУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтран дахин боловсруулах технологийн судалгааг амжилттай гүйцэтгэсэн.
Бидний хэрэгжүүлж буй дараагийн стратегийн ач холбогдолтой томоохон ажил бол Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын нутагт орших "Овоот хяр" алтны үндсэн орд юм. 2021 оноос хойш хийгдсэн хайгуулын үр дүнд тус ордод нийт 52.2 тонн алтны нөөц тогтоогдсон. Үүнээс эхний ээлжид ашиглах 4.4 тонн исэлдсэн хүдэр дэх алтны нөөцөд тулгуурласан нуруулдан уусгах технологийн ТЭЗҮ-ийг батлууллаа. Одоо бид олон улсын тендер зарлаж, хөрөнгө оруулагчийг шалгаруулах Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 2027-2028 он гэхэд бүрэн ашиглалтад орох боломжтой.
Бид 2025 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших "Хүрэн цав" төслийн талбайд нарийвчилсан хайгуул хийж B+C зэрэглэлээр 9.1 тонн алтны нөөцийг тогтоолоо. Түүнчлэн Өмнөговь аймагт Хармагтайн бүлэг ордтой залгаа орших 20 мянган га бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнууд, "Хүрэн цав" төслийн талбайд энэ жил эрэл хайгуул, нэмэлт хайгуулын ажлыг төлөвлөөд байна.
Эдгээр төслүүдийн давуу тал нь "Баянхөндий" зэрэг үйл ажиллагаа нь хэдийнэ жигдэрсэн томоохон төслүүдтэй хил залгаа оршдогт байгаа юм. Дэд бүтэц, зам харилцаа, эрчим хүчний асуудал нь шийдэгдсэн бүс нутагт байршилтай тул манай төслүүд эдийн засгийн эргэлтэд ороход ямар нэгэн саад бэрхшээлгүй гэж үзэж байна.
Сүүлийн үед олон улсын зах зээл дээр алт, мөнгөний үнэ эрчимтэй өсөж байна. Танай компанийн шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн стратегийн ач холбогдол болон эдийн засгийн өгөөж хэр вэ?
Салхитын төслийн төлөвлөгөөг бид давуулан биелүүлж байгаа нь нэг талаас менежментийн үр дүн боловч, нөгөө талаас зах зээлийн энэхүү үнийн таатай өсөлттэй шууд холбоотой. Анх төслийн тооцооллыг хийж байхад мөнгөний үнийг харьцангуй багаар төсөөлж байсан бол өнөөдөр ханш хэд дахин өсөөд байна.
Салбарын яамнаас ч үнийн өсөлттэй уялдуулан алтны төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид эдийн засгийн үр ашгийн тооцооллоо (cutoff grade буюу захын агуулга) дахин хянаж, газрын доор нэг ч грамм металл үлдээхгүй, хаягдалгүй олборлох зарчмыг баримтлан үйлдвэрлэлийн түвшингээ ахиулж байна.
Манай төслүүдээс бүрдэж буй борлуулалтын орлого шууд улсын төсөвт төвлөрч, улмаар Үндэсний баялгийн сангаар дамжин нийгмийн халамж, хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодлогын эх үүсвэр болдог.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон эрх зүйн орчин танай компанийн ирээдүйн үйл ажиллагаанд ямар боломж эсвэл сорилт авчирна гэж харж байна вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь уул уурхайн салбарт тоглоомын шинэ, тодорхой дүрмийг тогтоож байна. "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд бид хуулийн төслийн шатанд орон нутгаар явж, нөлөөллийн бүсийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, судалгаа авч, тэдний оролцоог ямар шатанд хангах талаар санал солилцон, хуулийн боловсруулалтад идэвхтэй оролцсон.
Энэхүү хуулийн өөрчлөлт нь зөвхөн төрийн өмчит компаниуд гэлтгүй хувийн хэвшлийнхэнд ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад маш том түлхэц болно гэж харж байна. Учир нь өмнө нь уул уурхайн компаниуд лицензийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах гэхээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, үл ойлголцолтой их тулгардаг байсан. Харин шинэ хуулийн төсөлд "Орон нутгаас олборлосон баялгийн өгөөжийг тухайн нутгийн иргэд илүү хүртэнэ" гэсэн зарчмыг тодорхой суулгаж өгсөн нь иргэдийн дэмжлэгийг ихээхэн авч байна.
Өөрөөр хэлбэл, уул уурхай бол зөвхөн ухах асуудал биш, баялгийн шударга хуваарилалт, орон нутгийн хөгжлийн хурдасгуур байх ёстой гэсэн үзэл баримтлал хуульчлагдаж байна.
"Эрдэнэс алт ресурс" компанийн үйл ажиллагааны гол үнэ цэнийг Та юу гэж тодорхойлох вэ? Компанийн цаашдын стратегийн зорилт болон алсын харааг хэрхэн тодорхойлж байна вэ?
Манай компанийн үүсэл гарлаас л үйл ажиллагааны маань гол үнэ цэн харагддаг. "Эрдэнэс алт ресурс" ХХК анхнаасаа нийгэм рүү чиглэсэн, иргэдийнхээ сайн сайхны төлөөх зорилгоор байгуулагдсан. Салхитын ордын үр өгөөжөөр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн нь Монголын уул уурхайн түүхэнд байгаагүй нийгмийн том төсөл байсан. Энэхүү итгэл дээр тулгуурлан манай компани өргөжиж, өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий олон төслийг зэрэг хөдөлгөх хэмжээнд хүрээд байна.
Стратегийн зорилтын хувьд бид дараах гурван үндсэн чиглэлийг баримталж байна:
Үндэсний тэргүүлэгч компани болох: Монгол Улсын алт, мөнгөний салбарт үйл ажиллагаа, технологи, засаглалаараа тэргүүлэгч компани болохыг зорьж байна. Одоогоор манай багц дахь төслүүдэд 100 гаруй тонн алтны нөөц мэдэгдэж байгаа бөгөөд эдгээрийг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах нь бидний нэн тэргүүний үүрэг юм.
Баялгийн санг зузаатгах: Бид олборлосон металл бүрээ Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит санхүүжилт болон очих системийг улам боловсронгуй болгоно.
Нээлттэй хамтын ажиллагаа: Хайгуулаар нөөц нь тогтоогдсон, хөдлөхөд бэлэн болсон төслүүд дээрээ бид олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй хандах болно. Технологи болон хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахад бид бэлэн байна.
Эцэст нь хэлэхэд, бид маш бага хүч, нөөц бололцоогоор геологи-хайгуулын салбарт томоохон ахиц гаргаж чадсан. Цаашид энэхүү эрчээ алдалгүй, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайн жишгийг дэлхийн тавцанд гаргахын төлөө хичээн ажиллах болно.