
Б.Төгс
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 10 тэрбум 481.6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 34.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 6.81 тэрбум ам.доллар, импорт 3.67 тэрбум ам.долларыг тус тус эзэлжээ. Экспортын дүн өмнөх оны мөн үеийнхээс 60.6%-иар, импортын дүн 3.1%-иар тус тус нэмэгджээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.14 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Улсын нийт экспортын дийлэнхийг буюу 91.2%-ийг нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдэр бүрдүүллээ.
Эрдсийн экспортод оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого тэргүүн байрыг эзэлсэн хэвээр байна. Тодруулбал манай улс мөн хугацаанд 890 мянган тонн зэсийн баяжмалыг 3.1 тэрбум орчим ам.доллароор экспортолжээ. Ингэснээр зэсийн баяжмалын экспорт орлогын дүнгээр даруй 2.2 дахин, жингээр 40 орчим хувийн өсөлтийг үзүүллээ. Харин цэвэр зэсийн экспорт эхний дөрвөн сарын байдлаар нэлээд буурсан дүнтэй гарлаа. Учир нь биет хэмжээгээр цэвэр зэсийн экспорт 63.5%-иар буурч 1.55 мянган тонноор хэмжигдсэн бол орлого нь 51.2%-иар доошилж 18.5 сая ам.доллароор тэмдэглэгджээ.
Нүүрсний экспорт энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 39.07 сая тоннд хүрч, 2.57 тэрбум ам.доллароор илэрхийлэгдлээ. Энэ нь нүүрсний экспорт жингээр 56.5%-иар, үнийн дүнгийн хувьд 40%-иар тус тус өссөнийг илтгэнэ.
Алтны экспорт 383.3 сая ам.долларын орлогоор эрдсийн экспортын гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Хэдийгээр алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 0.6 тонноор буюу 21%-иар бага байгаа ч, үнийн дүнгээр 36.2%-ийн өсөлттэй байна. Алтны экспортын биет жин бууралттай байгаа ч төв банкны худалдан авалт өссөн дүнтэй гарсан. Тодруулбал 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл Монголбанк худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7%-иар өссөн үзүүлэлт юм.
Төмрийн хүдрийн экспорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 2.7 орчим сая тонн буюу 190 орчим сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10%, үнийн дүнгээр 6.3%-иар тус тус өссөнийг илтгэнэ.
Харин жоншны экспорт мөн хугацаанд жингээр 8 орчим хувь өсөж 551.3 мянган тоннд хүрсэн ч, орлогын дүн нь 9%-иар буурч 98.9 сая ам.долларт хүрсэн байна.
Эсрэгээр цайрын баяжмалын экспортын биет хэмжээ оны эхний дөрвөн сарын байдлаар 11% буурч 45 мянга орчим тоннд хүрсэн ч орлого нь 15.5% өсөж 90 орчим сая ам.доллароор илэрхийлэгджээ.
Газрын тосны экспортын орлого бууралттай хэвээр байгаа ч зах зээлд ханш өсөж буйн нөлөөгөөр ирэх саруудад экспортын үнийн дүнгийн хувьд өсөлтийн түвшинд очих төлөвтэй байна.
Бусад эрдсийн тухайд, молибденийн баяжмалын экспорт бууралттай байгаа бол хар тугалгын хүдэр, баяжмал, гянтболдын хүдэр, баяжмалын экспорт огцом өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
