Монгол Улс, Улаанбаатар – “Оюу толгой” компани Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope)* төхөөрөмжийг 276 сая төгрөгийн санхүүжилтээр хүлээлгэн өглөө.
Хүдэрт агуулагдах эрдсийн хэмжээг өндөр нарийвчлалтай тодорхойлох нь баяжуулах үйлдвэрийн бөмбөлөгт тээрмийн нунтаглалтын горимыг оновчтой тохируулах, улмаар металл авалт эдийн засгийн үр ашигтай байхад чухал нөлөөтэй тул эдгээр тоног төхөөрөмж нь зэсийн баяжмал үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулахад стратегийн ач холбогдолтой юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц Герман Монголын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр МГТИС-ийн судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлд тууштай ажиллаж ирснийг онцлоод, энэхүү хүчин чармайлтад хувийн хэвшил манлайлан оролцож байгаад талархал илэрхийлэв.
Мөн МГТИС-ийн Захирал Б.Батцэнгэл “Оюу толгой” компани тус сургуулийн үйл ажиллагаа төдийгүй Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролд урт хугацаанд бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.
Энэ үеэр “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлэхдээ: “Оюу толгой компани МГТИС-ийг тогтмол дэмжиж ирсэн бол тус сургуулийг төгссөн чадварлаг залуус манай хамт олны нэг хэсэг болон ажиллаж, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллаж ирлээ. Уул уурхайн салбарын чухал харриуцлагын нэг нь ашигт малтмалын нөөцийг хамгийн өндөр үр ашигтайгаар, байгальд ээлтэй арга технологиор эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Энэхүү лаборатори нь зөвхөн Оюу толгойд төдийгүй Монголын уул уурхайн салбарын бусад аж ахуйн нэгжүүдэд ч өндөр ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
Оюу толгой үйлдвэр энэхүү шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд Монгол Улсад шаардлагатай техник, технологи, хүний нөөцийн боломж бүрдээгүй тул Австрали Улсын Бундора судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү дээжээ илгээж, шинжилгээний хариугаа 4-5 сарын дараа хүлээн авдаг байсан юм. Харин энэхүү дэвшилтэт технологийг дотооддоо нэвтрүүлснээр 14 хоногийн дотор шинжилгээ хийх боломж бүрдэж, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулж байна.
* Уг төхөөрөмжийг Австрали Улсын Бундора (Bundoora) судалгаа, хөгжүүлэлтийн төвд ашиглаж байсан бөгөөд 2025 онд “Оюу толгой” компани Монголд авчирсан.
Түүнчлэн Рио Тинто компанийн мэргэжилтнүүд МГТИС-ийн эрдсийн шинжилгээний лабораторийн ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт, шинжилгээний аргачлалыг эзэмшүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр сургалт явуулж, технологийг Монгол Улсад нутагшуулахад хувь нэмрээ оруулсан юм.
“Оюу толгой” компани 2013 онд МГТИС-ийн хичээлийн болон дотуур байрны барилгын ажлыг 11.7 тэрбум төгрөг (9.5 сая ам.доллар)-өөр санхүүжүүлж, хүлээлгэн өгснөөс хойш тус сургуультай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж ирсэн. Энэ хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг, оюутны тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөрүүд зэрэг мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт хөрөнгө оруулалтыг хийсээр байна. МГТИС-ийг төгссөн залуусын 1/3 нь Оюу толгойд болон туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж байгаа юм.
2021–2026 оны хооронд нийт 52 оюутан “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаад байна. 2013 оноос хойш МГТИС-д оруулсан нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 15.7 тэрбум төгрөгт хүрчээ. Эдгээрээс онцолбол:
• Тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилга (тус сургууль 2 дотуур байртай бөгөөд нэгийг нь Оюу толгойн санхүүжилтээр барьсан)
• Сургалтын хэрэглэгдэхүүний хандив • RESAT олон улсын эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэлэг
• Хамтран хэрэгжүүлсэн, Өмнөговь аймгийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан SТEM сургалтын хөтөлбөр зэрэг орно.
“Оюу толгой” компани хүүхэд, залуучуудын боловсрол, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд зориулсан олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд 2010 оноос хойш боловсролын салбарт нийт 152 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.