Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын бүтээсэн шинэ төмөр батарей 16 жил ажиллах чадвартай

Ч.Сансар

Лити-ион батарейны зах зээл хурдацтай өсөж, 2024-2025 онуудад 20%-иар тэлж, 150 тэрбум ам.долларт хүрсэн. Лити-ионы зах зээл өргөжихийн хэрээр нийлүүлэлтийн сүлжээ болон геополитикийн эрсдэлүүд нэмэгдэж байна. 2025 онд Хятад улс дэлхийн лити-ионы батарейны 80 гаруй хувийг үйлдвэрлэж, эрчим хүч хуримтлуурын зах зээлийн 90 орчим хувийг эзэлж байв.

Лити нь геополитикийн эрсдэлээс гадна бусад логистик болон технологийн сул талуудтай. Литийг олборлох нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 

Лити нь эрчим хүчний өндөр нягтралтай бөгөөд олон янзын нөхцөлд сайн ажилладаг гэдгээ харуулсан ч энергийг урт хугацаанд хадгалах хамгийн тохиромжтой технологи биш юм. Лити-ион батарей нь эрчим хүчийг ердөө дөрвөн цаг орчим хадгалж чаддаг. 

Тиймээс эрчим хүчийг удаан хугацаанд хуримтлуулах боломжтой, лити ашигладаггүй шинэ төрлийн батарейны хэрэгцээ өсөж байна. Хятад улс энэхүү шинэ төрлийн батарейг бүтээх өрсөлдөөнд одоогоор тэргүүлж байна. Энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн “Interesting Engineering” компани “Хятадын баг бүхэлдээ төмрөөр хийгдсэн, эргэлддэг шингэнтэй батарейг бүтээх чиглэлээр томоохон нээлт хийлээ” гэж мэдээлсэн.

Энэхүү нээлт нь лити-ион батарейгаас хамаагүй хямд үнээр олон мянган удаа цэнэглэх боломжийг бүрдүүлдэг шинэ электролиттой холбоотой юм. Өнөөдөр төмрийн үнэ литийгээс 80 дахин хямд. Хэрэв төмрөөр хийсэн шинэ батарейны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадвал энэ нь батарей хуримтлуурын зах зээлд хувьсгал авчирна.

Хятадын судалгааны баг төмрийг молекулын түвшинд өөрчилснөөр хэд хэдэн гол асуудлыг шийдэж чадсан. Ердийн үед эдгээр батарей хурдан элэгддэг боловч энэхүү шинэ арга нэвтрүүлснээр батарей ашиглалтын хугацааг олон жилээр уртасгасан. Туршилтаар уг батарей нь чанараа алдахгүйгээр 16 жил ажиллах боломжтой болохыг баталсан.

Энэхүү нээлт нь дэлхийд туршигдаж буй олон шинэ батарейны санаануудын зөвхөн нэг нь юм. Олон улс оронд шинэ батарей хөгжүүлэх гэж ажиллаж байгаа ч цэвэр эрчим хүчний салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа улс нь Хятад юм. 

Эх сурвалж: oilprice.com