Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д (2026.05.07) өргөн мэдүүллээ.

Эдгээрт:

-Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ерөнхий сайд Н.Учрал олон улсын эдийн засгийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засгаа идэвхжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж буйг онцлов.

УИХ-ын дарга С.Бямбацогт цаг үеэ олсон чухал хуулиудыг оруулж ирсэн Засгийн газар, Ерөнхий сайдад талархал илэрхийлээд төр баялаг бүтээгч, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулах ёстой. УИХ хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлж батлахад онцгой анхаарч ажиллана гэв.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах арга хэмжээг зохицуулахаар тусгажээ. Үүнд: Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон татвар төлөгчийн дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжилж өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгох, татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Татварын зорилгоор ил тод байх, мэдээлэл харилцан солилцох Глобал форум олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, Автоматаар харилцан мэдээлэл солилцох стандартыг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлт зэрэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: Татвар ногдуулах орлогын босгын хэмжээг нэмэгдүүлж, шатлалыг өөрчилж, Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлж, 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 100 хувь хөнгөлнө. Татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: Хялбаршуулсан горимоор тайлагнан 1 хувиар татвар төлөх босгыг 1 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгах замаар бүх нийтээрээ шударга төлөх татварын орчныг бүрдүүлнэ. Иргэдийн орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжинэ. Хувь хүн тодорхой хугацаанд өмчилсөн өөрийн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлнө. Иргэдийн тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах хүрээнд татвар төлөх болон тайлагнах хугацааг сунган уян хатан болгоно.

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ. Дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэл сарын хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих зохицуулалтыг тусгажээ гэж Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.