Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

КАЗАХСТАН ОПЕК+ ЭВСЛЭЭС ГАРАХГҮЙ

Credit: gov.kz

Ч.Сансар

Зарим шинжээчид Казахстаныг ОПЕК+ эвслээс гарна гэж таамаглаж байсан ч тус улс Арабын Нэгдсэн Эмираттай (АНЭ) адил ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтыг мөрдөхгүй байх шийдвэр гаргасангүй.

Казахстаны Эрчим хүчний яам 4-р сарын 29-нд “Казахстан ОПЕК+ эвсэлтэй хамтран ажиллах форматаа өөрчлөх төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдэв. Казахстан улс ОПЕК+ эвслийн хүрээнд ОПЕК-ийн гишүүд болон бусад нефть олборлогч орнуудтай хамтран ажиллаж, дэлхийн газрын тосны олборлолтыг зохицуулах ажилд идэвхтэй оролцдог.

АНЭ улс 5-р сарын 1-нээс эхлэн ОПЕК-ээс гарна гэдгээ зарласан нь уг картель ирээдүйд дэлхийн эрчим хүчний үнэ ханшинд нөлөөлж чадах эсэх талаар эргэлзээ төрүүлж эхэллээ.

Казахстаны нефтийн салбарын зарим шинжээчид Астанаг АНЭ улсын жишээг дагахыг уриалсан. Энэ нь тус улс сүүлийн жилүүдэд ОПЕК эвслийн тогтоосон олборлолтын  квотыг тогтмол хэтрүүлж байсантай холбоотой юм.

"Бид ОПЕК-ийн гишүүн биш учир бид газрын тосны олборлолтоо хэтрүүлбэл хариуцлага хүлээхгүй (эсвэл торгууль төлөхгүй) ... Казахстан ОПЕК+-ээс гарсан нь дээр" гэж салбарын шинжээч Абзал Нарымбетов өөрийн Telegram суваг дээр бичжээ.

Казахстан одоогоор ОПЕК+ эвслийн хүрээнд ажиллаж байгаа. Интерфакс агентлагийн мэдээлснээр, тус улс тохирсон хэмжээнд олборлолтыг бууруулахад бэрхшээлтэй тулгарч байгаа аж.

Казахстаны албаныхан Chevron зэрэг барууны томоохон эрчим хүчний компаниуд газрын тосны томоохон ордуудыг гэрээний дагуу хянадаг тул тогтоосон квотоос илүү ашиг орлогоо нэн тэргүүнд тавьдаг гэж мэдэгдэв.

Казахстаны газрын тосны олборлолт нь төсвийн орлогын томоохон хувийг эзэлдэг. Тус улсын газрын тосны дийлэнх нь Оросын нутаг дэвсгэр дээр байрладаг  Каспийн хоолойгоор дамжин экспортод гардаг. Казахстаны экспорт ОХУ-аас хамааралтай тул Кремлийн байр суурь нь Астанагийн ОПЕК+-тэй үлдэх шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй юм.

Эх сурвалж: eurasianet.org