Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ” СТАНДАРТЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартын өөрийн үнэлгээ хийх сургалт энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны “Зэс” танхимд зохион байгуулагдаж байна. Сургалтыг Эдийн засгийн хэлтсийн дарга Р.Очбадрах нээж хэлсэн үгэндээ: “Энэхүү стандарт нь Канадын уул уурхайн ассоциаци болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компаниудаас анхлан нэгдэн орж, хэрэгжүүлж эхэлсэн. Бид өмнө нь өөрийн үнэлгээг хийж, олон улсын байгууллагаас зөвлөмж авч байсан. Иймд энэ удаагийн сургалтад идэвхтэй оролцож, үнэлгээгээ илүү сайжруулах нь чухал” хэмээн онцоллоо.

Сургалтад Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогын мэргэшсэн зөвлөх Д.Хаш-Эрдэнэ оролцож байгаа бөгөөд тэрээр: “Энэ удаагийн сургалт нь зөвхөн онол бус, бодит дадлага дээр суурилсан. Би хөндлөнгийн аудиторын дүрээр ажиллаж, үнэлгээ хийхэд юунд анхаардаг, ямар баримт шаарддаг, ямар шалгалт хийдэг зэрэг бүх үе шатыг оролцогчдод бодитоор үзүүлнэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр тогтвортой хөгжлийн талаар: “Тогтвортой хөгжил гэдэг нь өнөөдрийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүй хойч үеийн боломжийг алдагдуулахгүй байхыг хэлдэг. Харин ESG нь үүнийг хэмжих бодит шалгуур юм” хэмээн тайлбарлав.

Таван өдрийн турш үргэлжлэх уг сургалтаар оролцогчид орон нутгийн харилцаа, тэгш хүртээмжтэй ажлын байр, хямралын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, ус болон биологийн олон янз байдал, хаягдлын менежментийн чиглэлээр TSM стандартын протоколуудыг судалж, өөрийн үнэлгээ хийх дадлага сургалтад хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг шинэ түвшинд гаргахад бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.