Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ГАЗРЫН ТОСНЫ САВЛАГАА НҮҮРС РҮҮ ХОШУУРАХ ЭРЧМИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

The Mongolian Mining Journal - 2026.3-р сарын дугаар


Б.Төгсбилэгт

Дэлхийн эдийн засагт "тосны эрэлд" гарах шаардлага Ормузын хоолой хаагдсанаар бий болов. Орос, Украины дайны нөлөөгөөр 22 оноос улс орнууд сорилттой тулгарч эрчим хүчний үнийн өсөлтийг бодитоор амсаж туулж яваа.

Гэхдээ Оросын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт зах зээлээс арилаагүй, зөвхөн чиглэлээ өөрчлөх үзэгдэл өрнөсөн. Тэгвэл одоо Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дэлхийн газрын тосны дөрөвний нэг нь тээвэрлэгддэг Ормузын хоолой хаагдсанаар зөвхөн тос төдийгүй байгалийн хий, бордооны зах зээлд үнэ өсөх болзошгүй аюул айсуй. Эдгээр нь бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний үнийн өсөлтийг авчирч, ядуу буурай орнууд хамгийн их хохирлыг амсах төсөөллийг судалгааны байгууллагууд дэвшүүлэх болов.

Гэхдээ энэ дунд бас нэг өрнөж байгаа асуудал нь улс орнууд нүүрсний салбартаа анхаарал хандуулж эхэлсэн явдал юм. Эдийн засагт тос, хий дутагдах үед, үгүйдээ гэхэд хэтэрхий үнэд орох үед нэр хүнд нь төдийлөн сайнгүй байгаа нүүрс "авралын гар"-аа сунгадаг ажээ. Япон, БНСолонгос улс, Энэтхэг, Казахстан болон Азийн бусад орнууд, Европын орнууд нүүрсний нийлүүлэлтийн хангамж, нүүрсний цахилгаан станцуудын бэлэн байдал, өргөтгөл, шинэчлэлийн төслүүдийг эрчимтэй явуулахаа ээлж дараалан зарлаж эхэллээ.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израиль улсууд Иран руу довтолсноос хойш газрын тосны худалдааны гол сувгуудын нэг хаагдсан. Одоо бүгд Ормузын хоолой зөвхөн бүрэн нээгдэхийг хүсэн хүлээж байна. АНУ, Ираны зүгээс үүсээд буй хурцадмал асуудлыг харилцан зөвшилцөж, намжааж чадах эсэхээс дэлхийн эрчим хүчний хямрал илаарших эсэх нь хамаарна. Эс бөгөөс Ази, Африк, Европын эрчим хүчний импортоос бүрэн хараат улс орнуудын хувьд инфляц, түүнийг дагасан эдийн засгийн хямрал тохиох дүр зураг тодорно. Харин АНУ-ын хувьд гаднаас эрчим хүчний хараат байдал үгүй учир Ормузын хоолой нээгдэх асуудалд төдийлөн ач холбогдол өгөлгүй, асуудал хэсэгтээ лавшрах аюул бий.

Үүсээд буй өрнөлтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ өсөх шинжтэй болж ирлээ. Эрэлт өсөх шинжтэй болж ирсэн ч томоохон нийлүүлэгч Индонез нүүрсний экспортоо хязгаарлах бодлого баримталж буй нь зах зээлд эрчим хүчний нүүрсний ханш өсөх дохиог улам бүр нэмэгдүүлнэ. Ойрх Дорнодын хурцадмал байдал нь эрчим хүчний нүүрсний үнийн өсөлтийг өдөөж, улмаар Glencore, Yan-coal, New Hoре зэрэг олборлогч компаниудын ашигт ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь тодорхой болсныг шинжээчид тайлбарлалаа.

Коксжих нүүрсний ханш харьцангуй бага хэмжээгээр өсч буй дүр зураг ажиглагдаж байна. Дэлхийн зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ он гарсаар 30%-иар, коксжих нүүрсний ханш 7%-иар тус тус өсөөд буй юм. Газрын тосны үнэ өсөхөөр нүүрсний ханш харилцан уялдаатайгаар өсдөг логик бий. Гэхдээ энэ удаад онцлог нь нүүрсний салбарын үнийн уналт харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэнтэй холбоотойгоор компаниудын ашиг буурч, алдагдал нэмэгдсэн байна. Дээр нь цаашид түлш шатахууны үнэ үргэлжлэн нэмэгдвэл нүүрсний уурхай, тээвэрлэлтийн зардал үлэмж нэмэгдэж нийлүүлэлтийн асуудал амаргүй байх дүр зурагтай байна. Өнгөрсөн оны тухайд манай улсын дотоодын нүүрсний компаниудын хувьд төдийлөн ашигтай ажиллаж чадаагүй. Энэ нь дан ганц нүүрсний ханш буурснаас гадна зардал өссөнтэй холбоотой. Дотоодын томоохон нүүрс олборлогч болох ММС гэхэд өнгөрсөн онд олборлолтын зардал тонн тутамд 21.4 ам.долларт хүрсэн нь 2024 оныхоос (18.8 ам.доллар) мэдэгдэхүйц өсчээ. Мөн боловсруулалтын зардал тонн тутамд 5.6 ам.доллар байсан нь 2024 оны 4.8 ам.долларын дүнгээс нэмэгджээ. Түүнчлэн манай улсын гол зах зээл болох Хятадад эрчим хүчний инфляцаас үүдэн эдийн засаг, үйлдвэрлэлийн эрчим буурч түүхий эдийн эрэлт буурах бодитой аюул бий. Энэ ч үүднээсээ зэсийн үнэ өсөлтийн хурдаа алдаж эхлээд байна. Харин коксжих нүүрсний тухайд Хятадын гангийн үйлдвэрүүдийн татан авалт нэмэгдэх тохиолдолд үнэ Өсөх бололцоотой. Хямралын нөхцөлд томоохон улс орнууд нүүрс татан авалтыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилладаг. Тэр жишгээр нөхцөл байдал өрнөх болов уу гэсэн хүлээлт байна.

Хятадын Коксжих нүүрсний импорт 2025 оны байдлаар ялимгүй буурсан дүр зураг ажиглагдсан.

Дэлхийн гангийн холбооны мэдээлснээр Хятад улс нь 2025 оны байдлаар дэлхийн нийт ган (1849.4 сая тн) үйлдвэрлэлийн 52%-ийг (960.8 сая тн) дангаараа бүрдүүлсэн байна. Энэ нь Хятадын улсын хувьд 2024 оны үзүүлэлт (1005.1 сая тн)-ээс 4.4%-иар буурсан үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд урд хөршийн коксжих нүүрсний хэрэглээ 599.1 сая тоннд хүрсэн (2024 онд уг үзүүлэлт 587.8 сая тн) бол коксжих нүүрсний үйлдвэрлэл 479.5 сая тонн (2024 онд уг үзүүлэлт 473 сая тн) байв.

Хятадын нүүрсний салбарын тухайд олборлолтыг бууруулах бодлого үйлчилж байгаа тухай тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг Фэнвэй Энержи мэдээлжээ. Ингэснээр нүүрсний компаниудын ашигт ажиллагаа дээшлэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах экологийн шалгуурыг хангах үзүүлэлт сайжрах, инновацийн түвшин нэмэгдэнэ гэж үзэж байна. Гэвч энэхүү бодлогыг үл харгалзан энэ оны эхний хоёр сарын байдлаар олборлолтын хэмжээ дээгүүр үзүүлэлттэй гарсан хэвээр байна. Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дотоодын эрчим хүчний аюулгүй байдалд илүүтэй анхаарах болсноор тус улсын дотоодын олборлолт дээгүүр түвшинд хадгалагдсан гэж үзэж болно. Урд хөршийн нүүрс олборлолт энэ оны эхний хоёр сарын байдлаар 762.89 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.3%-иар буурчээ. Гэвч энэ нь түүхэн дээд үзүүлэлтээр эхнээсээ хоёрт орох дүн болж байна. Хэдий олборлолт дээгүүр түвшинд буй ч 2026 оны дүнгээрээ дотоодын олборлолт буурах болов уу гэсэн хүлээлт шинжээчдийн дунд давамгайлж буйг Фэнвэй Энержи онцолжээ. 2025 оны хэмжээнд Хятад улс нийт 4.85 тэрбум тонн нүүрс олборлосон нь дээд үзүүлэлтээр тэмдэглэгдсэн ч нүүрс олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны нийт ашиг 41.8%-иар буурчээ.

Хятадын гангийн үйлдвэрүүдийн хувьд ашгийн үзүүлэлт тааруу байгаа нь коксжих нүүрсний ханш өсөхөд сөргөөр нөлөөлж байна. Цаашид Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс үүдэн гангийн салбар идэвхжиж, улмаар коксжих нүүрсний татан авалт эрчимжвэл үнэ өсөх нөхцөл бүрдэх боломжтой. Мөн Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн нүүрсний далайн тээврийн үнэд хэрхэн өөрчлөлт орох эсэх, барууны томоохон олборлогчдын нийлүүлэлтийн хэмжээнд өөрчлөлт орох зэргээс шалтгаалж зах зээлд ханш хөдлөх тухай шинжээчид тэмдэглэлээ.

Нүүрсний томоохон олборлогч, экспортлогч улс орнуудын нэг ОХУ-ын нүүрсний гол бус нутаг Кузбасс дахь компаниудын ашигт үйл ажиллагааны үзүүлэлт сайнгүй байна. Нүүрс тээвэрлэлт, олборлолтын өртөг өсч буйн сацуу зах зээл дэх нүүрсний ханшийн бууралтаас үүдэн нүүрс олборлогчдын 74% нь алдагдалтай ажиллаж буй тухай Кузбассын нүүрсний асуудал эрхэлсэн яам мэдээлжээ. Энэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар Кузбассын нүүрс олборлолт 31.5 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.3% (2.1 сая тн-оор) буурсан үзүүлэлт боллоо. Мен Кузбассын нүүрсний экспорт оны эхний хоёр сарын байдлаар 16.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны үеийнхээс 2 сая тонн буюу 7%-иар буурав. Гэхдээ ОХУ-ын хэмжээнд он гарсаар эхний хоёр сарын байдлаар БНСолонгос улс руу хийх экспорт 3.9 сая тоннд хүрсэн нь 95%-ийн өсөлтийг харуулжээ. ОХУ-ын гол зах зээл болох Хятадын хувьд худалдан авалт өнгөрсөн оны хэмжээнд бууралттай байсан. Тодруулбал 2025 оны хэмжээнд ОХУ-ын Хятад руу хийсэн нүүрсний нийт экспорт 88.9 сая тонн болсон нь 2024 оны дүнгээс 6.5% (6.2 сая тн-оор) буурсан дүн болсон. Хятадын нүүрсний нийт импортод эзлэх хойд хөршийн эзлэх хэмжээ 18%-иар илэрхийлэгджээ.

Нүүрсний томоохон хэрэглэгч болох Энэтхэгийн тухайд нүүрсний татан авалтыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Гэхдээ бас нэг чухал өрнөл коксжих нүүрсний салбарт боллоо. Энэ оны гуравдугаар сард Канадын Бритиш Колумбад коксжих нүүрсний олборлолт эрхэлдэг Glencore-ийн Охин компани Elk Valley Resources Энэтхэгийн гангийн компаниудад нүүрс нийлүүлэх санамж бичиг үйлдсэн. Энэ оны нэгдүгээр сард Энэтхэг улс нь коксжих нүүрсийг чухал, стратегийн түүхий эдээр зарласан юм.

Түүнчлэн нүүрс нийлүүлэлтийн уг үйл явдалтай холбогдуулан Канадын нүүрсний холбоо Засгийн газраасаа коксжих нүүрсийг мөн адилаар чухал ашигт малтмал ангилалд оруулахыг шаарджээ.

Ингэснээр коксжих нүүрсний салбарт өрсөлдөх чадвар нь нэмэгдэж, улмаар Энэтхэг зэрэг томоохон зах зээлд байр сууриа амжиж эзлэх боломж нэмэгдэнэ гэж харж байна.

Нөгөө талаас Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар гуравдугаар сарын 20-нд цаашид нүүрсний шинэ төслүүдэд зөвшөөрөл олгохгүй гэдгээ зарлалаа. Гэхдээ одоо хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаа болон өргөтгөх ажлуудыг зөвшөөрөх ажээ. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтын хүрээнд энэхүү алхмыг авч хэрэгжүүлж буй ч нүүрсний салбар нь цаашид мужийн эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдал, ган үйлдвэрлэлийн чухал суурь хэсэг байхыг онцлон тэмдэглэжээ.

Олон улсын үнэлгээний Fitch агентлаг гуравдугаар сард коксжих нүүрсний үнийн энэ оны төсөөллөө өсгөж тогтоогоод байна. Тухайлбал 180 ам.доллар/тонноос 190 ам.доллар/тонн болгож нэмэгдүүллээ. Гэхдээ 2027 болон 2028 онуудад коксжих нүүрсний үнэ 180 ам.доллар/тонн байх ханшийн таамгаа хэвээр үлдээжээ. Мөн төмрийн хүдрийн ханшийн 2026 оны төсөөллийг 90 ам.доллар/тонн байсныг 95 ам.доллар/тонн болгож нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл ханш богино хугацаандаа өсөлттэй байж, дунд, урт хугацаандаа тогтвортой хадгалагдана гэсэн төсөөллийг тус агентлаг гаргажээ.

Зах зээлийн хандлага харьцангуй эерэг байгаа ч гол асуудал нь манай улсын хувьд түлш шатахууны нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Учир нь нүүрс олборлолт, тээвэрлэлт нь асар их хэмжээний түлш зарцуулалтыг дагуулдаг. Нүүрсний салбарынхан сүүлийн тав, зургаан жилийн хугацаан дахь хамгийн доод үнийг сөрөн зогсож ажиллаж буйн хувьд сэргэлт авахын тулд үнийн өсөлт зайлшгүй хэрэгцээтэй болоод байна.