-Төсвийн алдагдал 1.36 их наяд төгрөгт хүрч 3.9 дахин өсөв-

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 764.7 (11.9%) тэрбум төгрөгөөр өсөж, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 (2.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний улиралд 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

**дахин их
Эх сурвалж: ҮСХ
Татварын нийт орлого 2026 оны эхний улиралд 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 75.3 (1.3%) тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 225.5 (19.0%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 159.7 (12.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Харин орлогын албан татварын орлого 343.5 (17.0%) тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 93.3 (31.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
2026 оны эхний улиралд татварын нийт орлогын 28.5%-ийг орлогын албан татвар, 24.0%-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 24.0%-ийг нийгмийн даатгалын орлого, 7.2%-ийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.4%-ийг онцгой албан татварын орлого, 12.8%-ийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 57.5%-ийг ААНОАТ, 42.5% (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний улиралд 7.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (17.9%) их наяд төгрөгөөр өсжээ.
Зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 213.5 (7.1%) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 497.5 (84.0%) тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 338.2 (15.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026 оны эхний улиралд нийт зардалд урсгал шилжүүлэг 42.2%, бараа үйлчилгээний зардал 33.6%, хөрөнгийн зардал 14.2%, хүүгийн зардал 5.7%, татаас 4.3%-ийг эзэлж байна.
Хөрөнгийн зардал 2026 оны эхний улиралд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 497.5 (84.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 409.6 (90.0%) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 27.0 (3.2 дахин) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 46.8 (63.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Орон нутгийн төсвийн орлого 2026 оны эхний улиралд 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 81.8 (4.9%) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 1.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 209.7 (15.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Орон нутгийн төсөв 171.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2026 оны эхний улиралд 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 330.4 (21.0%) тэрбум төгрөг, нийт зарлага 1.7 их наяд төгрөг болж, 249.2 (17.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.