Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЭЗХЯ: Нүүрсний үнэ биржийн дуудлага худалдаагаар өсөх хандлагатай байна

-Терминалуудын ашиглалтыг сайжруулан нүүрсний экспортыг жилд 5-7 сая тонноор буюу 350-420 сая ам.доллароор өсгөх боломжтой-

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Эдийн засаг, хөгжлийн яаманд (2026.04.17) хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргалан хуралдуулж, экспортод тулгамдаж буй асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцон, холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, даалгавар өгсөн юм.

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд болон Зам, тээврийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Хилийн боомтын захиргаа, Стандарт хэмжил зүйн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын Хөрөнгийн Бирж” ХХК, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгой ХК, Хил хамгаалах ерөнхий газар тэргүүтэй төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Уулзалтын эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын 2026 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, валютын дотоодын нөөц, уул уурхай болон хөдөө аж аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгч, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн талаар танилцуулга хийлээ. Түүнчлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтэд гарч буй өөрчлөлт, энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүнг танилцуулсан юм. Хүнсний болон эмийн хангамж, эрчим хүч, түлш шатахууны нөөц бүрдүүлэлт болон импортлогч орнуудын нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засаг дахь сөрөг нөлөөллийн талаар мэдээллэв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр экспорт энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар 5.9 тэрбум ам.долларт хүрч, 63%-иар өссөн нь голчлон нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой байна. Гэвч нүүрсний үнэ буурсан ч биржийн арилжаа өнгөрөгч сараас сэргэж, дуудлага худалдааны үеэр үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн гэв.

Экспортын өсөлтийн үр дүнд гадаад валютын нөөц нэмэгдсэн боловч олон улсын зах зээлийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэлээс шалтгаалан төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байна. Иймээс экспортын тасралтгүй өсөлтийг хадгалах нь чухал байгааг онцолж, экспортын үйл ажиллагааг эрчимтэйгээр тасралтгүй хэрэгжүүлж, төсвийн орлого нэмэгдүүлэх, гадаад валютын орлогын тогтвортой урсгалыг хадгалах шаардлагатай байгааг дурдав. Энэ хүрээнд хилийн боомтуудын дэд бүтэц, гаалийн үйл ажиллагаа, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах, голлох боомтуудад ухаалаг гарцын систем, лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглалтад оруулж, экспортын урсгалыг саадгүй болгох үүргийг холбогдох албаныханд өгөв.

Түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, лабораторийн шинжилгээтэй холбоотойгоор үүсдэг 4-7 хоногийн саатлыг бууруулах, ажлын цагийг уртасгах, хүний нөөцийг нэмэгдүүлэх замаар нэвтрүүлэх чадварыг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог бодит цагийн горимд шилжүүлж, эрсдэлийн үнэлгээний нэгдсэн систем нэвтрүүлэх шаардлагатайг онцолж, ингэснээр бага эрсдэлтэй тээврийг шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэсэн юм.

Боомтуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, эрчим хүч, сүлжээний тасалдлыг арилгаж, терминалуудын хүчин чадлыг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлснээр нүүрсний экспорт жилд 5-7 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 350-420 сая ам.доллароор өсөх боломжтойг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр сануулав.

Үүнээс гадна уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор “Гадаад худалдааны нэг цонх” цахим системийг нэвтрүүлэх, олон улсын худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стандарт, ангиллын тогтолцоог сайжруулах, хөдөө аж ахуйн салбарт биржийн үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй болгох, аж ахуйн нэгжүүдэд үүсэх санхүүгийн ачааллыг бууруулах, хувийн хэвшилд ирж буй хүнд суртал, дарамтыг бууруулж, зөвшөөрөл дагасан авлигын сүлжээг таслан зогсоохыг үүрэг болгосон юм. Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг 14 хоног тутамд тайлагнаж, үр дүнгийн талаар ажлын хэсэг хэлэлцэхээр боллоо.

 

 

Эх сурвалж: ЭЗХЯ