
Т.Бямбанаран
Уул уурхайн ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт болон дэлхийн дэвшилтэт техник, технологийн шинэ боломжуудыг нэг дор цогцлоодог “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн анх 2011 онд зохион байгуулагдаж байсан. Өдгөө салбарын хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болон өргөжиж, 15 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр (2026.04.15) нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 15–17-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилнэ.
Анх уул уурхайн салбарт олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэнгийн соёлыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчдийг нэг дор холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эхэлсэн тус үзэсгэлэн нь эдүгээ бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болон хөгжжээ.
Нээлтийн ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Ерөнхий ивээн тэтгэгч “Таванбогд Констракшн Машинери” ХХК-ийн Худалдаа, маркетингийн хэлтсийн дарга Ц.Чинзориг, Алтан ивээн тэтгэгч “Иридиум Трак Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билгүүн, “Хера Экуйпмент” ХХК-ийн Уул уурхайн тоног төхөөрөмж хариуцсан дэд захирал Б.Чинболд, зохион байгуулагч “Майнэкс Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулга нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хувьд 2025 он өндөр үр өгөөжтэй жил байлаа. Манай улс өнгөрсөн онд 90 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Мөн 2.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон.
Манай яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Салбарыг цаашид хөгжүүлэхийн тулд олборлолтоос илүү боловсруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах нь чухал. Үүний зэрэгцээ уул уурхайн салбар дахь нийгмийн эсэргүүцлийг бууруулж, олон нийтийн эерэг хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай.
Энэ хүрээнд АМНАТ-ийн орон нутагт ногдох хувийг 20%-иар нэмэгдүүлж, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутагт нийт орлогын 30%-ийг хуваарилахаар төлөвлөж байна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн суурь болж буй үнэт металл, чухал ашигт малтмалын хайгуул, судалгааг эрчимжүүлэх бодлого баримтална. Критикал минералын жагсаалтыг олон улсад зарлах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо хайгуулынхаас хоёр дахин их байгаа нь цаашид шинэ орд илрүүлэх боломжийг хязгаарлаж буй бодит сорилт болж байна” хэмээн онцоллоо.

“Таванбогд Констракшн Машинери” ХХК-ийн Худалдаа, маркетингийн хэлтсийн дарга Ц.Чинзориг, “Дэлхий даяар уул уурхайн салбар дижитал шилжилт, автоматжуулалт, өгөгдөлд суурилсан удирдлага, байгаль орчинд ээлтэй ногоон технологи руу эрчимтэй шилжиж байна. Энэ хүрээнд манай компанийн төлөөлж буй “Хитачи” брэнд нэрээ “Ландкрос” хэмээн өөрчилж буйгаа дуулгахад таатай байна.
Монголын уул уурхайн салбар геополитик, тээвэр логистик, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг олон сорилттой тулгарч байна. Иймд уул уурхайн компаниуд тоног төхөөрөмж сонгохдоо зөвхөн үнэ, хүчин чадлаас гадна засвар үйлчилгээний шуурхай байдал, хүртээмж, технологийн давуу тал, шийдэл, урт хугацааны тогтвортой байдлыг цогцоор нь харж байна. Манай компани түнш байгууллагуудтайгаа урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бий болгохыг зорьдог. “Mongolia Mining” үзэсгэлэн энэхүү итгэлцэл, хамтын ажиллагааны эхлэл болдгоороо онцлог. Бидний өмнө Монголын уул уурхайн салбарыг илүү ухаалаг, илүү бүтээмжтэй, илүү аюулгүй, илүү тогтвортой болгох зорилго бий. Энэхүү зорилгод хүрэх түлхүүр нь хамтын ажиллагаа, инновац, итгэлцэл юм” гэдгийг тодотгосон юм.

“Хера Экуйпмент” ХХК-ийн Уул уурхайн тоног төхөөрөмж хариуцсан дэд захирал Б.Чинболд, “Манай компани уул уурхайн салбарт 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, зам барилга, дэд бүтэц, уул уурхайн цогц шийдлийг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Бид “Mongolia Mining” үзэсгэлэнд жил болгон оролцдог бөгөөд энэ удаад “Hyundai” болон “Tonly” брэндийн тоног төхөөрөмжийг онцлон танилцуулж байна” гэсэн юм.

“Майнэкс Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулга нээлтийн үгэндээ, “Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн анх нээгдээд аль хэдийн 15 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбар ч асар их өөрчлөгдсөн. Өмнө нь энэ салбар богино хугацааны санхүүгийн ашгийг голчлон авч үздэг байсан бол өнөөдөр хариуцлагатай уурхай, тогтвортой хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал зэрэг хүчин зүйлс уул уурхайн салбарын үнэт зүйл болжээ. Мөн Монгол инженерүүд, ханган нийлүүлэгчдийн ур чадвар өндөр түвшинд хүрч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон” гэдгийг онцоллоо.
Харин “Иридиум Трак Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билгүүн “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн салбарын хөгжил, хамтын ажиллагаа, инновацийн шинэ боломжуудыг нээсэн стратегийн чухал платформ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ удаагийн үзэсгэлэн “Ирээдүйг нээе – Инноваци, Тогтвортой хөгжил” (Mining the Future: Innovation and Sustainability) уриан дор зохиогдож, дэвшилтэт технологи, автоматжуулалт, дижитал шийдлүүдийг ашиглан илүү ухаалаг, үр ашигтай, тогтвортой уурхайг хөгжүүлэхэд чиглэж байна.
“Mongolia Mining 2026” үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарыг дэлхийн зах зээлтэй холбох чухал платформ болдгоороо онцлог. Энэ жил БНХАУ, ОХУ, Австрали, Канад, АНУ, Герман, Их Британи, Энэтхэг, Турк, Беларусь, Австри, Финланд, Казахстан, БНСУ зэрэг дэлхийн 20 гаруй орны 100 орчим байгууллага оролцож, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, инновац, шийдлүүдийг танилцуулж байна. Гадаад, дотоодын үйлдвэрлэгчид, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг багтаасан 250 орчим байгууллага оролцож буй юм.
Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш төв тайз болон хурлын зааланд илтгэл, хэлэлцүүлэг, B2B уулзалтууд зэрэгцэн зохион байгуулагдаж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгож байна.
Үзэсгэлэнг “Майнэкс Монголиа” ХХК болон “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, олон улсын элчин сайдын яамд болон гадаадын түнш байгууллагууд дэмжин ажиллаж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Таванбогд Констракшн Машинери” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр “Хера Экуйпмент” ХХК, “Иридиум Трак Монголиа” ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр “Макс Машинери Индастри” ХХК, “Эйч Эл Кэй Эм Эн” ХХК тус тус оролцож байна.




