
Б.Төгс
Хятад улсын нүүрсний импорт энэ оны гуравдугаар сард 39.06 сая тоннд хүрснийг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.84% өссөн дүн болж байна. Нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сарын дүнгээс (30.94 сая тн) даруй 26.23%-иар өндөр дүн боллоо.
Ингэснээр тус улсын нүүрсний импортын нийт хэмжээ он гарсаар эхний гурван сарын байдлаар 116.28 сая тонн болж 1.3%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Мөн хугацаанд импортолсон нүүрсний нийт үнэлгээ 8.73 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6% доошилсон дүн юм.
Өнгөрсөн гуравдугаар сард тус улсын импортолсон нүүрсний мөнгөн дүн 2.94 тэрбум ам.доллароор хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.06%, өмнөх сарынхаасаа 30.45%-иар тус тус өссөн байна. Импортын нүүрсний дундаж үнэ гуравдугаар сард тонн тутамдаа 75.38 ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.62 ам.доллар, өмнөх сарынхаасаа 2.44 ам.доллароор тус тус нэмэгджээ.