Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн Банк: Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд 5% байх төлөвтэй

-Өсөлтийн төлөвийг сааруулж болзошгүй эрсдэлүүд давамгайлсан хэвээр байна-

Б.Төгс

"Монголын эдийн засгийн тойм" тайланг Дэлхийн Банк (2026.04.09) танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл огцом сэргэснээр 2025 онд өсөлт харьцангуй өндөр гарсан бол энэ онд манай улсын эдийн засаг 5.0%-иар өсөхөөр байна. Түүнчлэн дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-28 онд дунджаар 5.5% өсөх төсөөлөлтэй байгааг тус банкнаас онцоллоо. Эдийн засгийн дотоод орчны хувьд төсвийн зардал хүлээлтээс давж нэмэгдвэл богино хугацаанд ДНБ-ийн өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг эрчимжүүлж болзошгүй байна.

"Монголын эдийн засгийн төлөв тогтвортой, эерэг хэвээр байгаа ч тодорхой бус байдал нэмэгдсэн" тухай Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли тайлбарлалаа. Тэрээр мөн "Гадаад сөрөг шок үргэлжлэх тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, тэр дундаа эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болохоор байна" гэдгийг тодотголоо.

Эдийн засгийн цаашдын төлөвийг сааруулж болзошгүй сөрөг эрсдэлүүд давамгайлсан хэвээр байгааг Дэлхийн Банкны эдийн засагч Б.Ундрал онцоллоо. Гадаад орчны хувьд олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр байх, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх зэрэг нөхцлөөс шалтгаалан Монголын эдийн засагт хэд хэдэн сорилт учирч болзошгүй байна. Тухайлбал, гадаад эрэлт сулрах, үүнээс үүдэн түүхий эдийн экспорт буурах, мөн үйлдвэрлэлийн зардал болон хэрэглээний үнийн өсөлт даамжирч улмаар эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэйг анхааруулав.

Өнгөрсөн оны тухайд дэлхийн эдийн засагт худалдааны тасалдал, геополитикийн зөрчилдөөн хурцадмал хэвээр байсан ч Монголын өсөлт 6.9%-тай гарч нэлээд өндөр дүнтэй гарч чадсаныг тус банк тэмдэглэлээ. Үүнд гагцхүү уул уурхайн салбар төдийгүй хөдөө аж ахуйн салбар сэргэсэн нь нөлөөлсөн. Тодруулбал, уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй тэлсэн (мөн баяжмал дахь алтны агуулга дээшилсэн) нь нүүрсний салбарын бууралтыг саармагжуулж улмаар өсөлтөд голлон нөлөөлжээ. Бусад салбарын хувьд барилга, аж үйлдвэрлэлийн салбарын идэвхжил өндөр байсан бол худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сул байжээ.

Ийнхүү экспортын орлого өндөр түвшинд хадгалагдаж, өрхийн орлогын өсөлт тогтвортой байснаар хувийн хэрэглээний өсөлтөд эергээр нөлөөлжээ. Нөгөө талаас хүнс, эрчим хүчний үнэ өссөн нь инфляц 2024 оны дундаж 6.8%-иас 2025 онд 8.6%-д хүрч өсөх гол шалтгаан болов.

Уг тайланд эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн хоцрогдлыг арилгах, нэн ховор ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх нь чухлыг онцолжээ. Мөн гамшгийн бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь чухал болохыг дурдсан байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод хотын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар тайланд авч үзсэн нь онцлог болжээ. Тайланд дурдсанаар Улаанбаатар хотын хэт төвлөрөл нь цаашид эдийн засгийн эерэг үр нөлөөг хязгаарлаж болзошгүй тул хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж, бусад бүсүүдэд илүү тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь чухал байгааг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Дэлхийн Банкны "Монголын эдийн засгийн тойм" тайлан (2026.04)