
Т.Бямбанаран
Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компаниудыг эрэмбэлсэн “MINING.COM TOP 50” жагсаалтад багтсан компаниудын зах зээлийн нийлбэр үнэлгээ 2.41 их наяд ам.долларт хүрч, 2025 оны эхнээс хойш 250 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
“BHP” болон Рио Тинто компаниуд дахин эхний хоёр байрыг эзэлж байна. Рио Тинто 1 дүгээр сард “Zijin Mining” болон “Southern Copper”-т түр шахагдсан ч буцаад байр сууриа олж авчээ.
“MINING.COM TOP 50” жагсаалт бий болсон цагаас хойш 100 тэрбум ам.доллароос давах зах зээлийн үнэлгээг тогтвортой хадгалж чадсан уул уурхайн компаниуд нь “BHP” болон Рио Тинто байсаар ирсэн. 2025 оноос өмнө энэ босгыг давсан өөр нэг компани нь “Vale” болсон билээ.
“BHP” компани 3 дугаар сарын эхээр зах зээлийн үнэлгээгээ 200 тэрбум ам.доллароос давуулж чадсан нь уул уурхайн салбарын түүхэнд урьд өмнө байгаагүй үзүүлэлт боллоо. Тус компани хагас жилийн санхүүгийн тайландаа өндөр ашигтай ажилласнаа танилцуулж, зэс, алтнаас 7.95 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашиг бүрдүүлж, энэ нь анх удаагаа төмрийн хүдрийг давсан тухай мэдэгдсэн. “BHP”-ийн гүйцэтгэх захирлын албанд 5 дугаар сарын сүүлээр Брандон Крейг томилогдох аж.
Литийн зах зээл сэргэснээр “SQM” болон АНУ-ын үйлдвэрлэгч “Albemarle” компаниуд 2025 оны дөрөвдүгээр улиралд дахин “Топ 50”-д орж, уг жагсаалтад багтах литийн компанийн тоо гурав болж нэмэгдэв.
Хэдийгээр уул уурхайн томоохон компаниуд Ираны дайны нөлөөг бүрэн даван туулсан гэж хэлэхэд эрт ч 2026 оны эхнээс хойш хэмжихэд ихэнх хувьцааны ханш эерэг чиглэлд тогтвортой өсөж байгаа бөгөөд цөөн хэдэн компанид л сөрөг үзүүлэлт ажиглагдаж байна.
Харин одоо энэ ангилалд багтах компаниудын тоо зургаад хүрээд байгаа. Тухайлбал, “Agnico Eagle”-ийн зах зээлийн үнэлгээ энэ оны 1 дүгээр сард 100 тэрбум ам.доллароос илүү гарчээ. Торонтод төвтэй тус компани Хятадын тэргүүлэх “Zijin Mining”, “Southern Copper”, мөн “Newmont Corporation” зэрэг компаниудын нэгэн адил дээгүүрт жагсаж эхэлсэн.
Эх сурвалж: mining.com