Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дональд Трамп: Ормузын хоолойг маргааш гэхэд нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн "Truth Social" хуудсаар дамжуулан Ираны удирдлагуудад хандсан, хараалын үгтэй маш ширүүн мэдэгдэл хийлээ. Тэрээр Ираны талд маргааш буюу 4 дүгээр сарын 7-ны Мягмар гарагийн 20:00 цаг хүртэл (АНУ-ын Зүүн эргийн цагаар) хугацаа өгч, Ормузын хоолойг олон улсын тээвэрлэлтэд бүрэн нээхгүй бол тус улсын эрчим хүчний систем болон дэд бүтцийг устгахаа мэдэгдэв.

Өнгөрсөн Баасан гарагт Ираны нутаг дэвсгэрт сүйрсэн АНУ-ын F-15 сөнөөгч онгоцны хоёр дахь нисгэгчийг дайсны бүсээс амжилттай аварсны дараа АНУ-ын тал цэргийн ажиллагаа явуулахад айх зүйлгүй болсон байна. Дэлхийн эрчим хүчний түүхий эдийн 20%-ийг дамжуулдаг Ормузын хоолойг Иран хааснаар дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом өсөж, олон улсад инфляцийн аюул нүүрлээд байгаа юм.

Ираны тал Трампын энэхүү тулган шаардалтыг "арчаагүй, сандарсан, тэнэг үйлдэл" гэж тодорхойлоод, дайны хохирлыг барагдуулах тээврийн татвар төлөх хүртэл хоолойг нээхгүй гэдгээ мэдэгдлээ.

Трамп өнгөрсөн гуравдугаар сараас хойш эцсийн хугацааг хэд хэдэн удаа сунгаж ирсэн. Харин энэ удаагийн 4 дүгээр сарын 7-ны (Мягмар гараг) эцсийн хугацаа гэдгийг хатуухан сануулав. Тэрээр Fox News-т өгсөн ярилцлагадаа өнөөдөр буюу Даваа гарагт тохиролцоонд хүрэх магадлалтай ч, хэрэв дайныг зогсоох хэлэлцээр хурдан хийгдэхгүй бол "бүх зүйлийг дэлбэлж, газрын тосыг нь булааж авах" талаар бодож байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: BBC News