
Т.Бямбанаран
Цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлд өрсөлдөх давуу тал олж авахын тулд хамгийн хурдан цэнэглэгчийг хөгжүүлэх уралдаанд нэгэнт татагдан оржээ. Энэ чиглэлд БНХАУ-ын үйлдвэрлэгчид мөн л тэргүүлж байна. Хэрэглэгчдийн зүгээс хамгийн их шүүмжилдэг зүйлсийн нэг нь цахилгаан автомашиныг цэнэглэхэд зарцуулах хугацаа урт байдаг явдал юм. Үүний улмаас сүүлийн арван жилийн хугацаанд цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид цэнэглэх технологийн судалгаа, хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр ирсэн.
Зарим үйлдвэрлэгч компани хэт хурдан цэнэглэгчийг (ultrafast charger) хөгжүүлж, дээрх асуудлын шийдлийг олсон гэж үзээд байгаа. Хамгийн үр ашигтай хэт хурдан цэнэглэгчийг хөгжүүлэх өрсөлдөөн 2022 онд эхэлсэн билээ. Тухайн үед Хятадын автомашин үйлдвэрлэгч “XPeng” компани S4 хэт хурдан цэнэглэх технологио танилцуулж, ердөө тавхан минут цэнэглэхэд 210 км явах боломжтой болгож байв.
Харин энэ оны 3 дугаар сард тус улсын BYD компани 1.5 МВт хүртэл цэнэг дамжуулах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн “Flash Charger” цэнэглэгчээ танилцуулав. Энэ нь АНУ-д ашиглагдаж буй “hyper-fast” 350 КВт-ын төхөөрөмжүүдээс даруй дөрөв дахин илүү юм. Туршилтаас харахад BYD-ийн батарейг 10-70% хүртэл ердөө тавхан минутад, харин 10-97% хүртэл есөн минутын дотор цэнэглэх боломжтой нь тогтоогджээ.
Энэхүү технологийг 4 дүгээр сард Парис хотноо танилцуулахаар төлөвлөж байгаа аж. BYD энэ оны эцэс гэхэд Хятад даяар 16,000 ширхэг, Европт 2,000 ширхэг шинэ цэнэглэгчийг суурилуулахаар зорьж буй. Хэдийгээр лабораторийн туршилтад өндөр үр дүн үзүүлсэн ч бодит нөхцөлд ашиглаж, BYD-ийн амласан гүйцэтгэлийг баталж чадах эсэхийг цаашид шалгах шаардлагатай хэвээр байна.
Эх сурвалж: Oilprice