
Б.Төгс
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт эргэлт энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 5.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.6%-иар өсөөд байна. Энэ дундаа экспорт 3.9 тэрбум ам.доллар, импорт 2.0 тэрбум ам.долларыг эзэлсэн бөгөөд экспорт 55.9%-иар өссөн бол импорт 4.4%-иар буурсан байна. Ингэснээр он гарсаар, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум америк долларын ашигтай гарлаа.
Мөн хугацаанд зэсийн баяжмалын экспорт 523.5 мянган тонн буюу 1.76 тэрбум ам.доллартой тэнцлээ. Ийнхүү зэсийн баяжмалын экспорт орлогын дүнгээр өмнөх оны мөн үеийнхээс 136%-иар, жингийн хувьд 41%-иар тус тус өссөн байна.
Чулуун нүүрсний экспортын тухайд, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 20.56 сая тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 64%-иар дээшилсэн байна. Чулуун нүүрсний экспортын орлого 1355.4 сая ам.доллароор хэмжигдсэн нь 31%-ийн өсөлтийг харууллаа.