Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсэгт дотоод, гадаадын 7 ААН хөрөнгө оруулах санал ирүүлжээ

Credit: “Эрдэнэс Тавантолгой” ХК

“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслийг анх удаа олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлж эхэлснээ мэдээллээ. Энэ нь Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах шинэ, өрсөлдөөнт загварыг бий болгож буй онцлох үйл явдал болж байна.

УИХ-ын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд зарласан энэхүү шалгаруулалтад дотоод, гадаадын нийт долоон аж ахуйн нэгж, консорциум Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлээд байна.

Сонгон шалгаруулалтыг 2026 оны хоёрдугаар сарын 13-нд албан ёсоор зарлаж, гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл материал хүлээн авч, нээлтийн хурлыг оролцогч талуудын төлөөллийг байлцуулан ил тод зохион байгуулжээ.

Засгийн газар уг төслийн хүрээнд Монголын талд ногдох өгөөжийг 51%-иас бууруулахгүй байх бодлогыг баримталж байгаа бөгөөд саналуудыг санхүү, эдийн засгийн үр ашиг, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг олон талт шалгуураар үнэлэх юм. Үнэлгээг Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэж, хамгийн үр ашигтай хувилбарыг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

Төслийн онцлог нь хөрөнгө оруулагчдаас борлуулалтын орлого хуваалцах загвараар санал ирүүлэхийг шаардсан явдал юм. Мөн Бортээгийн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшихгүйгээр олборлох, боловсруулах, борлуулах, тээвэрлэх үйл явцыг багтаасан иж бүрэн дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр байгуулах нөхцөл тавьжээ. Ингэснээр төрийн өмчийн хяналтыг хадгалахтай зэрэгцээд хувийн хэвшлийн хөрөнгө, менежментийн үр ашгийг хослуулна.

Бортээгийн хэсэг нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний дийлэнх буюу 95 хувь нь сул коксжих нүүрс, үлдсэн 5 хувь нь эрчим хүчний нүүрс юм. Жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайг 30 жилийн хугацаанд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл 2020 онд батлагдсан.

Credit: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК