
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан (2026.03.21) Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллалаа. Энэ үеэр усны салбарт шударга ёсны зарчим баримталж, бохирдуулагч талуудаас төлбөр авах асуудлыг хуулийн дагуу нэн даруй шийдвэрлэхийг даалгав.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 682 сая м.куб ус ашигласан боловч үүний ердөө гуравны нэг буюу 252 сая м.куб-д л 7.5 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Хэрэв төлбөр хураалтыг бүрэн гүйцэд хийсэн бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрөх боломжтой байсныг Ерөнхий сайд онцоллоо.
Усны ашиглалтаараа тэргүүлэгч 10 компанийн нэг болох "Оюу толгой" ХХК нь сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байна. Усны газрын дарга З.Батбаярын мэдээлснээр, тус компанийн 2020-2025 оны бохирдуулсан усны төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрийн жишгээр тооцоход 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэвч тус компани "хөрөнгө оруулалтын гэрээгээр ийм үүрэг хүлээгээгүй" гэх тайлбарыг өгдөг байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Усны конвенц, Тогтвортой хөгжлийн зорилт болон дотоодын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн "Оюу толгой" компаниас төлбөр авах бүрэн үндэстэй гэж үзэж байна. Тэрээр "Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч" гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлэх цаг болсныг сануулаад, зөвхөн "Оюу толгой" гэлтгүй ус бохирдуулж буй бүх аж ахуйн нэгжээс төлбөрөө хуулийн дагуу авахыг Усны газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар