
“Mongolia Mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "Таванбогд Констракшн Машинери" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Ариунсайхантай ярилцлаа.
- “Mongolia Mining” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ шийдвэрийг гаргахдаа ямар стратегийн зорилгыг харгалзан үзсэн бэ?
Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын зочид төлөөлөгчдийг нэг дор цуглуулж хамтын ажиллагаа эхлүүлэх, бэхжүүлэх боломжийг олгодог чухал арга хэмжээ бол яах аргагүй жил бүр зохион байгуулагддаг “Mongolia Mining” юм. Манай компани дэлхийд тэргүүлэгч Япон улсын Хитачи Констракшн Машинери корпорацийг Монгол улсад төлөөлөн 16 дах жилдээ ажиллаж байна. Тус арга хэмжээнд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласнаар Хитачи тоног төхөөрөмжүүдээ үзэсгэлэнгийн талбайд угсран олон нийтэд танилцуулах, компанийн зүгээс санал болгож буй үйлчилгээг хэрэглэгч болон сонирхон ирж буй зочдод танилцуулах боломжмийг олгодог.
- “Mongolia Mining” үзэсгэлэн танай компанийн хувьд ямар ач холбогдолтой гэж та бүхэн дүгнэдэг вэ?
“Mongolia Mining” үзэсгэлэнд оролцож олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах нь оролцогч байгууллага бүрийн зорилт болов уу.
Бид үйл ажиллагаа, үйлчилгээгээ сайжруулах, харилцагчдын хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн байхад ихээхэн анхаарч ажилладаг тул “Mongolia Mining” үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч оролцдог. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирж буй уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллагуудын зочид, төлөөлөгчидтэй уулзаж салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцах болон уул уурхайн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж буй харилцагчдын дуу хоолойг сонсох нь бидэнд маш чухал ач холбогдолтой байдаг.
- Өнгөрсөн жил ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон туршлагаас танай компанид ямар бодит үр дүн, шинэ хамтын ажиллагаа бий болов?
2025 оны “Mongolia Mining” үзэсгэлийн талбайд бид Хитачи EX1200-7 загварын 7м3 шанаганы багтаамжтай экскаваторыг угсарч олон нийтэд танилцуулсан. Арга хэмжээний үеэр бид эрхэм харилцагч Шарын Гол ХК-тай бизнес уулзалт зохион байгуулж тус тоног төхөөрөмжөө борлуулсан. Үзэсгэлэн дуусмагц угсарсан EX1200-7 загвар маань шууд харилцагчийн уурхай руу ачигдсан юм.
- Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох нь танай компанийн брэндийн байр суурь болон зах зээл дэх нөлөөг хэрхэн бэхжүүлж байна вэ?
Австрали, АНУ, Канад, Чили зэрэг улсуудад мөн Африк тивд Хитачи брэнд найдвартай ажиллагаа, чанар, аюулгүй байдлаараа болон засвар үйлчилгээ, сэлбэгийн бэлэн байдал зэргээр өөрийн байр суурийг тодорхойлон зэх зээлийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Манай компанийн хувьд “харилцаа, итгэл” маш чухал. Бид харилцагч нартайгаа бизнесийн харилцаанаас давсан итгэлт түнш нь байхыг эрмэлзэж ирсэн. “Mongolia Mining” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох нь олон нийтэд компани, брэндээ хоногшуулах гэх мэт давуу талууд олон ч эрхэм харилцагч нартайгаа баяртайгаар уулзаж ярилцах нь мөн таатай байдаг.
- Энэ жилийн үзэсгэлэнд танай компани ямар шинэ тоног төхөөрөмж, технологийн шийдлүүдийг танилцуулах вэ?
Хитачи гэх нэр Монголын уул уурхайн салбарт хоногшоод 16 дах жилдээ болж байна.
2027 оны 4-р сараас эхлэн Хитачи нэр маань ЛАНДКРОС болон өөрчлөгдөж байгаа.
Хитачи брэнд нь өөрийн тоног төхөөрөмжүүдийн цаашдын хөгжүүлэлтийг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй ногоон технологи руу шилжүүлж байгаа. Энэхүү шилжилтийн илэрхийлэл болгож ЛАНД буюу газар орон, бүс нутагт ээлтэй гэсэн утга бүхий нэрээр “re-branding” хийж байгаа. Энэ жилийн “Mongolia Mining” үзэсгэлэнд бид энэхүү шилжилтийг илүү онцгойлон танилцуулахаар ажиллаж байна.
- Монголын уул уурхайн салбарын онцлог, уурхайн хүнд нөхцөлд техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ маш чухал байдаг. “TCM” энэ чиглэлд санал болгодог онцлог шийдлүүдээс дурдвал?
Эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам газар нутагтай, тээвэр логистик тийм ч сайн хөгжөөгүй манай оронд уул уурхайн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах нь зарим тохиолдолд хүндрэлтэй байдаг. Бидний зорилт бол харилцагчийн Оранж тоног төхөөрөмж бэлэн байдал өндөртэй ажиллах. Сэлбэгийг харилцагчдаа ойр байлгах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өөрсдийн сэлбэгийн агуулахыг нээсэн. Мөн харилцагчтай зөвшилцсөний дагуу тухайн харилцагчийн уурхайд шаардлагатай сэлбэгийг байршуулан нөөцийг бүрдүүлдэг. Цаашид бид үндсэн эд анги дахин сэргээх засварын төвийг нээж харилцагчийн зардлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Засвар үйлчилгээний хувьд дэлхийн аль ч улсад Хитачи тоног төхөөрөмжийн талаар сургалт орох эрх бүхий сургагч багш манай компанид ажиллаж механикууддаа ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх сургалтыг тогтмол орж байна. Мөн манай механикууд жил бүр хуваарийн дагуу Япон улс дахь Хитачи үйлдвэрийн сургалтын төвд шаардлагатай сургалтад хамрагдаж ур чадвараа тогтмол сайжруулдаг.
- Дэлхий дахинд уул уурхайн салбарт автоматжуулалт, дижитал технологи эрчимтэй нэмэгдэж байна. Монголын зах зээлд энэ чиг хандлага хэрхэн нэвтэрч байгаа талаар бодлоо хуваалцвал?
Дижитал шилжилт уул уурхайн салбарт нэвтрээд буй. Үйл ажиллагаанаас гарч ирсэн дата мэдээлэлд үндэслэн компанийн удирдлага шийдвэр гаргадаг болсон. Хитачи брэндийн хувьд энэ шилжилтийг түүчээлэн ажиллаж байгаа билээ. Канадад төвтэй Венко диспетчер хяналтын системийг санал болгодог. Уг систем нь уулын ажлын жилийн төлөвлөгөөг улирал, сар, өдрөөр нь гаргаж хяналт тавих, ХАБ-ын хяналт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл, хүдрийн нарийвчилсан олборлолт гэх мэт маш олон давуу талыг хэрэглэгчдэдээ олгодог. Мөн операторгүй автосамосвал, алсаас тоног төхөөрөмжийг удирдах гэх мэт технологийн шинэ боломжуудыг судалж байгаа.
Технологи нь цаг хэмнэх, хүнээс хамааралтай алдааг арилгах, үйл ажиллагаагаа бодит тоон мэдээлэлд үндэслэн хянах, үнэлэх замаар аюул осол багатай, зардлыг бууруулах боломжийг олгож байна. Эдгээр технологиуд нь анхны хөрөнгө оруулалтын зардал өндөртэй ч эргээд өгөх өгөөж нь их тул Монгол улсын уул уурхайн компаниуд өөрийн онцлогт тохирсон шийдлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
- Уул уурхайн компаниуд тоног төхөөрөмж нийлүүлэгчээ сонгохдоо өнөөдөр ямар хүчин зүйлсийг чухалчилж байна вэ?
Уурхай бүр өөрийн төлөвлөлт, ажлын цар хүрээндээ тохируулан тооцоолол хийсний үр дүнд бүтээлийн болон туслах тоног төхөөрөмжүүдээ сонгодог. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болгон харилцагчийн хэрэгцээ шаардлагад тохирох тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн санал болгодог. Харилцагч нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн нэр хүнд, туршлага зэргээс гадна тухайн диллерийн чадамж, механикуудын ур чадвар, сэлбэгийн бэлэн байдал гэх мэт олон талаас нь судалгаа хийж үнэлэн шийдвэрээ гаргаж байгаа. 4-р сарын 15-17 хооронд зохион байгуулагдах “Mongolia Mining” олон улсын уул уурхайн чуулга, үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирж Хитачи брэнд болон манай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа!