
Ч. Сансар
Замби улс 2031 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлж, 3 сая тоннд хүргэхийг зорьж байгаа бөгөөд энэ зорилгоо биелүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Замби улсын Уул уурхайн сайд мягмар гарагт мэдэгдэв.
Замби бол Ардчилсан Конго улсын дараа ордог Африкийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч юм. АНУ чухал ашигт малмалын салбарт Хятадын ноёрхлыг сулруулах үйл ажиллагаа явуулж байгаа тул Замби улс нь Вашингтоны хамтран ажиллахыг хүсэж буй орнуудын нэг юм.
Замби улс өнгөрсөн жил 890,346 тонн зэс үйлдвэрлэжээ. “Улаан металл” гэж нэрлэгддэг зэс нь цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглагддаг гол материал юм.
Замби улсын Уул уурхайн сайд Паул Кабусве хэлэхдээ, 2031 оны зорилтоо биелүүлэхийн олон улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байгаа гэжээ.
"АНУ-тай бид бас хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байгаа" гэж тэрбээр хэлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Үүнээс гадна хоёр улс 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилттэй эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа. Харин уг хөтөлбөр нь Замбийн ашигт малтмалын нөөцтэй холбоотой бөгөөд эрүүл мэндийн мэдээллийг чөлөөтэй солилцох эрсдэл үүснэ гэж эрүүл мэндийн төлөө тэмцэгч бүлгүүд анхааруулж байна.
Кабусве шударга хэлэлцээрийн ач холбогдлыг онцолж, "хөрөнгө оруулагчид ч бас ашгаа авах ёстой" гэж нэмж хэлэв. "Энэ нь Замби болон хөрөнгө оруулагчдын хувьд аль алинд нь ашигтай байх ёстой" гэж тэрбээр хэлэв.
Зэсээс гадна Замби улс кобальт, никель, манган, бал чулуу, лити болон газрын ховор элементээр баялаг.
Замби улсад Хятадын JCHX Mining, Канадын Barrick Gold and First Quantum Minerals, Энэтхэгийн Vedanta Resources, Арабын Нэгдсэн Эмират улсын International Resources Holding болон АНУ-ын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй KoBold Metals зэрэг уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг.
Эх сурвалж: reuters.com