
Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, тэр дундаа Иран, АНУ болон Израилын хоорондын мөргөлдөөний улмаас бүс нутгийн улсуудын газрын тосны экспорт эрс буураад байна. Гэвч ийм нөхцөл байдалд Иран улс Ормузын хоолойгоор дамжуулан түүхий тосоо хэвийн шахуу үргэлжлүүлэн экспортолж байгааг шинжээчид онцоллоо.
2 дугаар сарын 28-наас хойш Иран улс 13.7 саяас 16.5 сая баррель түүхий тос экспортолсон нь зах зээлд өндөр үзүүлэлт хэвээр байна. Ираны гол боомт болох Харг аралд маш том хэмжээний танкерууд ачилт хийсэн хэвээр байгаа нь сансрын хиймэл дагуулын зургаар батлагджээ. Бүс нутгийн бусад улс орнуудын танкерын тээвэрлэлт халдлагын улмаас бараг бүрэн зогссон ч Ираны "сүүдрийн флот" ийнхүү үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ одоогоор Ираны танкеруудыг саатуулах алхам хийхгүй байгаа нь тодорхой шалтгаантай байж болох юм.
Хэрэв АНУ танкеруудыг нь хураавал, Иран хариу арга хэмжээ болгон Ормузын хоолойг бүрмөсөн хаах эрсдэлтэй.Ираны хөлөг онгоцууд өөрийн улсын эдийн засгийн онцгой бүсэд (эргээс 24 миль) зорчиж байгаа нь олон улсын хүчний оролцоог хязгаарлах хамгаалалт болж байна.
АНУ-ын засаг захиргаа Ираны газрын тосны экспортын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авах эсэх талаар одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн хамгийн чухал гарц бөгөөд энэ чиглэлийн нөхцөл байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнэд шууд нөлөөлдөг юм.
Эх сурвалж: reuters.com