Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын цэргийн салбарт газрын ховор элементийн хоёр сарын нөөц үлджээ

Credits: SCMP

Т.Бямбанаран

АНУ-ын батлан хамгаалах салбарын хэрэгцээнд ердөө хоёр сарын газрын ховор элементийн нөөц үлджээ. Тиймээс Вашингтон Иранд чиглэсэн цэргийн цохилтоо хэр удаан үргэлжлүүлэх нь дээрх нөөцөөс хамаарч болзошгүй байгаа тухай “South China Morning Post” сонин Мягмар гарагт /2026.03.10/ мэдээлжээ.

Пуужингийн чиглүүлэх систем, сөнөөгч онгоц болон радарын технологид ашигладаг газрын ховор элементүүд нь орчин үеийн батлан хамгаалахын салбарын зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс эдгээр түүхий эдийн гол үйлдвэрлэгч болох БНХАУ-аас нийлүүлэлт тасалдах эрсдэл АНУ-ын хувьд эмзэг байдлыг үүсгэж байна.

Ойрх Дорнодод хурцадмал байдал даамжрахын хэрээр АНУ Хятадын ГХЭ-ийн нийлүүлэлтээс хамааралтай байгаа нь стратегийн хувьд томоохон асуудал үүсгэж мэдэхээр байна. Шинжээчид “South China Morning Post” мэдээний эх сурвалжид өгсөн ярилцлагадаа, хэрэв газрын ховор элементийн экспорт эсвэл нийлүүлэлтийн сүлжээ хязгаарлагдвал Хятад улс АНУ-ын цэргийн ажиллагааны үргэлжлэх хугацаа болон өртөгт шууд бус нөлөө үзүүлж болзошгүй гэж мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энэ сарын сүүлээр Хятадад хийхээр товлосон айлчлалын өмнөхөн гарсан юм. Энэ нь түүний 2017 оноос хойших Хятадад хийх анхны айлчлал юм.

Дээрх сонинд иш татсан шинжээчдийн үзэж буйгаар Ойрх Дорнодын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Бээжингийн зүгээс АНУ-тай газрын ховор элементийн худалдааны хэлэлцээрт хүрэх гэж төдийлөн яарах шаардлагагүй байж магадгүй.

Сиднейн Технологийн Их Сургуулийн Австрали–Хятадын Харилцааны Хүрээлэнгийн дэд профессор Марина Жан дээрх сонинд өгсөн ярилцлагадаа, Хятад улс газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг хянаж байгаа нь болзошгүй зөрчил мөргөлдөөний үргэлжлэх хугацаа болон өртөгт дам нөлөө үзүүлэх хөшүүрэг болж байна гэж онцолжээ.

Сүүлийн үед Бээжин энэ салбар дахь тэргүүлэх байр сууриа улам бататгах зорилготой байгаагаа илэрхийлсэн. “XV таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд Хятадын засгийн газар 2026–2030 оны хооронд газрын ховор элементийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, мөн эдгээр ашигт малтмалд хамаарах экспортын хяналтын тогтолцоог сайжруулахаар төлөвлөж байгаа.

Дээрх бодлогууд хэрэгжсэнээр батлан хамгаалахын технологи, цахилгаан бараа болон цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд Бээжингийн нөлөө улам гүнзгийрнэ гэсэн үг.

Мөн Хятад улс АНУ-ын олон төрлийн чухал ашигт малтмалын хамгийн том нийлүүлэгч хэвээр байгаа тухай АНУ-ын Геологийн алба мэдээлсэн билээ.

Эх сурвалж: mining.com