Ч.Сансар
Энэтхэг улс энэ зун нүүрсийг илүү их ашиглахаар төлөвлөж байна. Учир нь шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) нийлүүлэлт нь Иранд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас тасалдаж, хомсдол үүсч байна гэж салбарын албаныхан мэдэгдэв.
4-6 саруудад Энэтхэгт цахилгааны хэрэглээ нэмэгддэг тул Нью Дели цахилгаан станцуудаас үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хүсдэг. Мөн хэрэглэгчдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд Засгийн газар компаниудад татаас олгодог.
Одоогийн байдлаар зуны улиралд 12,000 МВт.ц. цахилгаан нийлүүлэх тендерт байгалийн хийн цахилгаан станцууд саналаа өгөөгүй байна. Тендер хоёр хоногийн дараа дуусна гэж албан тушаалтан мэдэгдлээ.
Эрчим хүчний яам нүүрсний станцуудыг хуваарьт засвар үйлчилгээгээ дуусгасны дараа дахин ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Энэтхэгийн тэргүүлэгч эрчим хүчний компани болох NTPC нь зуны 4-6 дугаар саруудад хийн станцуудаас эрчим хүч нийлүүлж чадахгүй гэж Эрчим хүчний зохицуулах газарт мэдэгджээ.
Энэтхэг улс онц байдал зарлаж, айл өрх, бордооны үйлдвэр зэрэг хамгийн чухал хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх шийдвэр гаргалаа.
Энэ зун цахилгаан эрчим хүчний эрэлт дээд цэгт буюу 250-260 ГВт хүрсэн ч Энэтхэг улсад эрчим хүч тасалдах магадлал багатай. Гол шалтгаан нь тус улсад нүүрсний, цөмийн, усан, салхин станцууд олон байдаг. Тиймээс дутагдаж буй цахилгааныг нөхөхөд хангалттай хүчин чадал байгаа гэж Crisil Ratings-ийн ахлах захирал Гаутам Шахи тайлбарласан байна.
Энэтхэгийн нүүрсний станцууд тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг 75%-ийг үйлдвэрлэдэг.
Нүүрсний i-Energy Resources компанийн захирал Васудев Памнани, Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний зах зээлд нүүрсний импортын эрэлт тогтвортой өндөр байгаа гэжээ.
Эх сурвалж: Ройтерс