Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн эрсдэл ба даатгалын шинэ шийдлийг хэлэлцэв

О.Дөлгөөн

Монгол дахь Австралийн худалдааны танхимаас салбарын мэргэжилтнүүд, гишүүд болон бизнесийн төлөөлөлд мэдээлэл түгээх уламжлалт арга хэмжээний хүрээнд "Уул уурхайн үйл ажиллагаанд үүсч буй шинэ болон уламжлалт эрсдэлүүд ба даатгал" сэдэвт хэлэлцүүлгийг /2026.03.05/ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь уул уурхайн салбар дахь эрсдэлийн удирдлага, даатгалын орчин үеийн шийдлүүд болон хиймэл оюун ухааны (AI) нөлөөллийн талаар салбарын экспертүүдийн санал, туршлагыг хуваалцах зорилготой байв.

Арга хэмжээнд Сингапурын "Mitsui Bussan Pana Harrison Pte Ltd" компанийн Гүйцэтгэх захирал, Давхар даатгалын хэлтсийн дарга Ронни Лум, "Амар Даатгал" ХХК-ийн Ерөнхийлөгч Т.Батзул, Гүйцэтгэх захирал Б.Хишигтөр нар илтгэгчээр оролцлоо.

Хэлэлцүүлгийн гол сэдэв ба үр дүн

Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн үйл ажиллагаанд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даатгалын арга хэрэгслээр хэрхэн удирдах болон бизнесийн тасралтгүй байдлыг хангах асуудлуудыг түлхүү хөндлөө. Тодруулбал, хиймэл оюун ухааныг даатгалын салбарт нэвтрүүлэх боломж, тулгамдаж буй сорилтууд, эрсдэлийг шилжүүлэх практик аргачлалуудын талаар бодит кейсүүд дээр үндэслэн ярилцав.

Хэлэлцүүлгийн онцлох баримтууд

Дэлхийн эрсдэлийн чиг хандлага (2025-2026): Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар гео-эдийн засгийн сөргөлдөөн (18%), улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн (14%), байгаль цаг уурын өөрчлөлт (8%) зэрэг нь бизнесийн тогтвортой байдалд гол сорилт болж байна.

Гүйцэтгэх захирлуудын санал асуулгаар (EOS) 2025 онд хөдөлмөрийн хомсдол, эрчим хүчний дутагдал тэргүүлж байсан бол 2026 онд инфляц болон эдийн засгийн уналт (рецесс, зогсонги байдал) эхний хоёр байрт орж, эдийн засгийн орчны тодорхойгүй байдал нэмэгджээ.

2025 онд уул уурхайн салбарт 410 удаагийн осол гарч, 20 хүн амь насаа алдсан нь 4.2 тэрбум төгрөгийн (ойролцоогоор 1.1 сая ам.доллар) эдийн засгийн алдагдал дагуулжээ. 1990 оны Налайхын уурхайн дэлбэрэлт (21 хүний амь нас эрсэдсэн) зэрэг түүхэн эмгэнэлт явдлууд нь аюулгүй ажиллагааны соёлыг тасралтгүй сайжруулахын чухлыг сануулсаар байна.

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх шийдлүүд

Осол гэмтлийг бууруулах, хохирлоос сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо:

• Бодлогын өөрчлөлт: Уурхай бүр өөрийн гэсэн аврах баг болон мэргэшсэн боловсон хүчинтэй байх.

• Олон улсын стандарт: Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн конвенцийг мөрдөх.

• Технологийн шийдэл: Ажилчдын байршлыг тогтоох RFID систем, хоргодох байр болон харилцаа холбооны дэвшилтэт хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.

Энэхүү арга хэмжээ нь уул уурхай, даатгал, санхүү болон бизнесийн салбарын төлөөллүүдийг нэгтгэн, мэргэжлийн сүлжээ холбоогоо өргөжүүлэх чухал талбар боллоо.