Т.Бямбанаран
Канадын Эрчим хүч, уул уурхайн сайд Тим Хожсон Пүрэв гарагт /2026.03.05/ мэдэгдэхдээ, цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор Канадын Засгийн газар ойрын саруудад цахилгаан эрчим хүч болон цөмийн эрчим хүчний шинэ стратеги танилцуулах болно гэж хэлжээ.
Энэ сарын 5-ны өдөр “Canadian Imperial Bank of Commerce” (TSX: CM) (NYSE: CM) Цөмийн эрчим хүчний анхдугаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, цөмийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй салбарын тэргүүлэх компаниудын удирдлага болон төрийн байгууллагын гол төлөөлөгчдийг нэг дор цуглууллаа.
Тус чуулганы үеэр сайд Тим Хожсон, “Хөрөнгө оруулагчид тодорхой байдлыг хүсдэг. Тэд хурдтай шийдвэр, бодлогын тодорхой чиглэл хүлээж байдаг. Тиймээс манай Засгийн газар ойрын саруудад, магадгүй бүр хэдхэн долоо хоногийн дотор цахилгаан эрчим хүч болон цөмийн эрчим хүчний салбарын шинэ, цогц стратегийг танилцуулах болно” хэмээн мэдэгдэв.
“Цөмийн эрчим хүч бол Канадын стратегийн давуу талуудын нэг” гэж “CIBC”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Харри Колам дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэв.
Мөн тэрээр, “Канад улс бол дэлхийд ураны үйлдвэрлэл, экспортын хэмжээгээр хоёрдугаарт ордог орон. Бид одоо байгаа цөмийн дэд бүтцийг шинэчлэх чиглэлээр тэргүүлж, ирээдүйн технологи болох жижиг модульчлагдсан реакторуудыг хөгжүүлэх ажлын тэргүүн эгнээнд явж байна.” гэжээ.
Ийнхүү Канад улс цөмийн эрчим хүчний салбарын өсөлтөд түшиглэн эдийн засгаа дэмжихээр зорьж байгаа бөгөөд одоогоор хэд хэдэн шинэ цөмийн реакторын төсөл бүтээн байгуулалтын шатандаа явж байна.
Эх сурвалж: Ройтерс