
Т.Бямбанаран
Ираны Хувьсгалт харуулуудын ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Эбрахим Жабари Даваа гарагт /2026.03.02/ хийсэн мэдэгдэлдээ, “Ормузын хоолой хаагдсан. Түүгээр нэвтрэхийг завдсан ямар ч хөлөг онгоцыг бид галдан шатаана” хэмээн анхаарууллаа.
Энэ бол Ираны зүгээс гаргасан хамгийн тодорхой анхааруулга боллоо. Тус алхам нь дэлхийн газрын тосны урсгалын тавны нэгийг боомилж, түүхий нефтийн үнийг огцом өсгөх аюул дагуулж байна.
Ойролцоогоор 58 километрийн өргөнтэй Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны экспортын хамгийн чухал гарц бөгөөд үүгээр дамжин бусад улс орнууд руу газрын тос болон хий тээвэрлэгддэг. Энэхүү нарийн усан зам Саудын Араб, Иран, Ирак, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Персийн булангийн томоохон газрын тос олборлогч орнуудыг Оманы булан болон Арабын тэнгистэй холбодог.
Ормузын хоолойгоор дэлхий дахины газрын тосны хэрэглээний ойролцоогоор 20%-ийг тээвэрлэдэг учраас нэн чухал стратегийн гарц гэдгээрээ дэлхийн эдийн засагт онцгой үүрэгтэй.
Энэ хоолой хамгийн нарийн цэг дээрээ ойролцоогоор 33 километр өргөн.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил хамтран Иранд агаарын цохилт өгсөний хариуд Иран АНУ-ын цэргийн баазууд байрладаг Персийн булангийн хөрш орнууд болох Катар, Кувейт, Бахрейн руу хэд хэдэн удаагийн пуужингийн цохилт өгсөн. Мөн Тегеран Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Оман руу пуужин харвасан байна.
Ойрх Дорнодод өрнөж буй энэхүү зэвсэгт мөргөлдөөн даамжирвал газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь эрс өсөн, дэлхий нийтэд сөргөөр нөлөөлнө.
Эх сурвалж: Ройтерс