
Т.Бямбанаран
Газрын тосны үнэ Даваа гарагт /2026.03.02/ огцом өсөж, хөрөнгийн зах зээл дарамтад орлоо. Учир нь АНУ–Израилын зүгээс Иранд үзүүлсэн ширүүн цохилтуудын улмаас дэлхийн эдийн засагт ноцтой тасалдал үүсэж болзошгүй байна.
Брент маркийн газрын тос арилжааны эхэн үед 13 хүртэл хувиар өсөж, баррель нь 82 ам.доллар болсноор сүүлийн 14 сарын дээд түвшинд хүрлээ. Дэлхийн худалдааны хамгийн чухал тээврийн сувгуудын нэг болох Ормузын хоолой хаагдаж, газрын тосны нийлүүлэлтэд доголдол үүсэх вий гэх түгшүүр бий болсон.
Харин геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хямрал, тодорхойгүй нөхцөл байдлын үед алт нь хөрөнгө оруулалтын “аюулгүй” арга хэрэгсэл болдог. Энэ ч утгаараа тус металлын ханш 2.8%-иар өсөж, унц нь 5,397 ам.долларт хүрлээ.
АНУ болон Израилын зүгээс Иранд явуулж буй цэргийн цохилтууд намжих шинжгүй байна. Ерөнхийлөгч Дональд Трамп уг мөргөлдөөн дахин дөрвөн долоо хоног үргэлжилж болзошгүйг дурдаад АНУ зорилтоо биелүүлэх хүртэл довтолгоо үргэлжилнэ хэмээн мэдэгджээ.
Газрын тосны үнэ огцом өсөхийн хэрээр дэлхий нийтийн анхаарал Ормузын хоолой руу чиглэв. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг, мөн далайгаар тээвэрлэгддэг хийн танкеруудын ихэнх нь тус хоолойгоор дамжин өнгөрдөг.
Бямба гарагт /2026.02.28/ болсон АНУ-Израилийн цохилтоос хэдхэн цагийн дараа Теграны зүгээс Ормузын хоолойд яваа танкеруудад анхааруулга өгч, ямар ч усан онгоцыг нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдэв.
“Их Британийн далайн аюулгүй байдлын агентлаг”-ийн (UKMTO) мэдээлснээр тус хоолойд хоёр усан онгоц халдлагад өртжээ. Тэдгээрийн нэг нь Оман улсын эргийн ойролцоо, нөгөө нь Арабын Нэгдсэн Эмират Улсын ойр хавьд байсан аж.
Иран тэрхүү чухал далайн гарцыг албан ёсоор хааснаа хараахан зарлаагүй байгаа. Гэхдээ далайн тээврийн хяналтын цахим платформуудын мэдээллээс харахад Ормузын хоолойн хоёр талд танкерууд бөөгнөрч, халдлагад өртөхөөс болгоомжлох юм уу, эсвэл тээврийн даатгал авах боломжгүйгээс үүдэн хоолойгоор нэвтэрч чадахгүй гацсан байж болзошгүйг харуулж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Олон улсын далайн байгууллага” (IMO) Ормузын хоолойгоор нэвтрэхээс зайлсхийхийг усан онгоцнуудад уриаллаа. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес хэд хэдэн далайчид халдлагын улмаас гэмтэж, бэртсэн тухай мэдээлэлд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Мөн “Тээврийн компаниуд аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг уриалж байна. Сөргөлдөөнт байдал намжих хүртэл усан онгоцнууд халдлагад өртсөн бүс нутгаар дамжин өнгөрөхөөс зайлсхийх нь зүйтэй.” хэмээн мэдэгдэв.
Үндэстэн дамнасан тээврийн компани “Maersk” Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ аюулгүй байдлын үүднээс Ормузын хоолой болон Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврээ түр зогсоож байгаагаа зарласан юм.
“Газрын тос экспортлогч орнуудын холбоо” (ОПЕК) дөрөвдүгээр сард газрын тосны олборлолтыг харьцангуй бага буюу өдөрт 206,000 баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа илэрхийлэв.
Иран улс бол ОПЕК-ийн томоохон олборлогчдын нэг бөгөөд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний 4.5%-ийг дангаар бүрдүүлдэг. Иймээс Ираны экспортод саатал учирвал дэлхийн зах зээлд тэр хэрээр далайцтай нөлөө үзүүлэх магадлал өндөр.
“Газрын тосны зах зээлд шууд нөлөөлж буй үйл явдал бол Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр үндсэндээ зогссон явдал юм. Үүний улмаас өдөрт 15 сая баррель түүхий нефть зах зээлд хүрэх боломжгүй болж байна. Хэрэв ойрын хугацаанд хурцадмал байдал намжихгүй бол газрын тосны үнэ мэдэгдэхүйц өснө” хэмээн “Rystad Energy” компанийн геополитикийн шинжилгээний тэргүүн Хорхе Леон хэлжээ.
Эх сурвалж: The Guardian