Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

PDAC-2026: Монгол Улс олборлогчоос боловсруулагч орон болохыг зорьж байна

Уул уурхай, хөрөнгө оруулагчдын дэлхийн хамгийн том чуулга уулзалт болох PDAC-2026 Канадын Торонто хотноо үргэлжилж байна. Дэлхий даяар 94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улс 29 дэх жилдээ оролцож, салбарын бодлого, хэтийн төлөвөө олон улсын хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням чуулганы үеэр манай улсын баримталж буй бодлогын шинэчлэлийг танилцуулав. Тэрбээр дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй өнөө үед Монгол Улс зэс, уран, молибден, газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх бүрэн боломжтойг онцолсон юм.

Монгол Улс зөвхөн түүхий эд экспортлогч байхаас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болохыг зорьж байна. Энэ хүрээнд, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид ган болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэнэ. Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн салбараас хүчтэй хамааралтай байгааг салбарын сайд онцолсон. Энэхүү хэт хамаарлыг бууруулах, эдийн засгийг солонгоруулах зорилгоор эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татварын илүү таатай, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Энэхүү 94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй чуулганд 125 орны 27 мянга орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд цахилгаанжуулалт, дэд бүтэц, "критикал минериал" буюу чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг энэ жилийн гол сэдэв болгожээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам