
TMK Energy компанийн эзэмшдэг Монгол дахь "Гурвантэс XXXV" төсөл хоногт олборлох нүүрсний давхаргын метан хийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоов.
Тус компанийн мэдээлснээр, хийн олборлолтын хэмжээ хоногт 25,000 стандарт шоо фут (scfd) буюу 720 шоо метрт хүрчээ. Энэ нь сарын эхээр бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлт болох 674 шоо метрээс бараг 7 хувиар, харин 1 дүгээр сарын дундаж үзүүлэлтээс 21 хувиар өссөн үзүүлэлт юм.
LF-07 цооногийн голлох үзүүлэлтүүд
Төслийн гол тоглогч нь LF-07 цооног болоод байна. Сүүлийн өдрүүдэд тус цооногийн хийн гарц 13,000 scfd-ийг давж, цаашид ч өсөх хандлагатай байгаа нь уг талбайн хамгийн өндөр бүтээмжтэй цооног болохыг харуулж байна. Геологийн бүтцийн хувьд дээгүүр байрлалтай тул даралт буурах явцад илүү давуу талтай байгаа аж.
Хийн олборлолт эрчимтэй нэмэгдэж байгаа нь жилийн өмнө Германы "Jens Energie" компанитай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг бодит ажил болгох итгэлийг нэмэгдүүлж байна. Уг гэрээгээр TMK компани "Гурвантэс XXXV" төслөөс хий нийлүүлж, "Jens Energie" компани Германы техник технологиор дотоодын зах зээлд цахилгаан үйлдвэрлэхээр төлөвлөсөн юм.
Түүнчлэн, TMK туршилтын цооногуудыг хооронд нь холбож, олборлосон хийгээрээ газар дээр нь эрчим хүч үйлдвэрлэх, илүүдэл цахилгааныг орон нутгийн сүлжээнд нийлүүлж орлого олж эхлэхээр төлөвлөж байна.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа компанийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр (ASX:TMK) 29 хувиар өсөж, 12.5 центэд хүрлээ. Хэрэв LF-07 цооногийн үзүүлэлт бусад цооногууд дээр ижил түвшинд хадгалагдаж чадвал "Гурвантэс XXXV" төсөл нь зөвхөн техникийн туршилт төдий бус, арилжааны өндөр ач холбогдолтой байгалийн хийн томоохон төсөл болох юм.