Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт, Ханги боомтоор шуурхай нэвтрүүлэхийг даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2026.02.25) шийдвэрлэлээ.

 

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөл батлагдсанаар,

-Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.

-Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчилж тусгасан.

-Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан.

-Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.

Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.

 

“Энержи Ресурс”-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.

“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасах шийдвэр гаргалаа.

 

Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй.

Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд,

-БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;

-БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;

-БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;

-Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани зэрэг болно.

 

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав

Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор,

Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайт боомтын автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт гаалийн ухаалаг гарцын тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад тус тус даалгалаа.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт боомтын дээрх хилийн гарц болон Ханги боомтоор түргэн шуурхай нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгов.

 

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо гэж Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.