Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын боломжийг Лондонд танилцууллаа

-MiningWeek & MinePro 2026: Стратегиас капитал руу – Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын боломжийг Лондонд танилцууллаа-

"MiningWeek & MinePro 2026"  Лондон хот дахь арга хэмжээг МУУҮА, АҮЭБЯ хамтран Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стратеги, капиталын уялдааг бэхжүүлэх хүрээнд (2026.02.24) зохион байгуулав.

Тус арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж хэлсэн үгэндээ Монголын уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, цаашдын стратегийн чиг хандлагын талаар онцлов.

Мөн уул уурхайн салбарт тогтвортой хөгжил, ил тод байдал, олон улсын стандарт, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ.

Уг арга хэмжээнд МУУҮА болон аж ахуйн нэгжийн төлөөлөл, Их Британид төвтэй санхүүгийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, институцийн хөрөнгө оруулагчид, капиталын зах зээлийн мэргэжилтнүүд, уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож, санал солилцов.

Энэ хүрээнд "Стратегиас Капитал руу” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнөж, уул уурхайн төслүүдийн танилцуулга,  зах зээлийн хэлэлцүүлэг, мөн хөрөнгө оруулагчидтай В2В уулзалтууд зохион байгуулагдаж байна.

Мөн салбарын сайд Лондон хотноо холбогдох төлөөллүүдтэй уулзаж, хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

 

Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиров

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондоны хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзаж Монгол Улсын уул уурхайн компаниудыг Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах талаар ярилцлаа. Уулзалтаар,

-Уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулан хүртээхэд хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбаруудыг ашиглах боломж,

-Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, -Цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиров,

-Олон нийтийг хөрөнгө оруулалт хийж сургах талын сургалт хийхэд анхаарч ажиллахаар боллоо.

Лондоны хөрөнгийн бирж нь 1801 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 17 дугаар зуунаас үнэт цаасны арилжаа Лондонд явагдаж эхэлсэн уламжлалтай, дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Нийт 60 гаруй улсын мянга гаруй компани бүртгэлтэй, нийт зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 6 их наяд ам.доллароор хэмжигддэг. Үүнээс уул уурхайн салбарын компаниудын үнэлгээ ойролцоогоор 700 тэрбум ам.долларт хүрдэг аж. Үндсэн зах зээлүүдийг дурдвал, Main Market – Томоохон олон улсын компаниуд, AIM (Alternative Investment Market) – Өсөлтийн шатандаа яваа дунд, Жижиг компаниуд, Бонд, ETF, деривативын зах зээл гэж ангилдаг. Энэхүү уулзалт нь Монгол Улсын уул уурхайн салбарын компаниудыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр нээх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд чухал алхам боллоо.

 

Монгол-Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британийн Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналдтай Лондон хотноо уулзав.

Уулзалтын үеэр 2024 онд байгуулсан Монгол-Их Британийн хооронд байгуулсан уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны яамдын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн Монгол Улсын геологийн суурь судалгааны ажлыг хийх чиглэлээр хамтарч ажиллах, геологийн эрэл судалгааны ажил хийх чиглэлээр санхүүжилт гаргах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

 

ЕСБХБанктай геологийн бүрэн суурь судалгаа, цахимжуулах чиглэлд хамтарна

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Грег Гайеттай 2026 оны хоёрдугаар сарын 24-нд Лондон хотноо уулзаж, Монгол Улс, ЕСБХБ-ны хооронд уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн бүрэн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Дашрамд дурдахад, ЕСБХБ нь 2006 оноос хойш манай улсад нийт 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна.

 

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ