Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, Рио Тинтогийн хэлэлцээ эрчимжинэ

Пүрэв гарагт /2026.02.12/ Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатартай уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардууллаа.

Уулзалтын үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц, мөн Оюу толгой төслийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотойгоор Ерөнхий сайдын өмнө нь тавьсан санал, шаардлагуудын хэрэгжилтийн талаар санал солилцов.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн Оюу толгой төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох ёстойг онцлоод, зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах чиглэлд бодитой ахиц гаргах шаардлагатайг тэмдэглэв.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ оны хоёрдугаар сарын 5-нд илгээсэн захидалдаа төслийг урт хугацаанд тогтвортой, амжилттай хэрэгжүүлэхийн тулд харилцан ашиг сонирхолд тулгуурласан, нээлттэй бөгөөд үр дүнтэй хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа дурджээ. Тэрбээр Оюу толгойн уурхайн ашиглалтын нийт хугацаанд Монгол Улсад ногдох өгөөж Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй хэмжээнээс давна гэдгийг онцолж, зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн талаар тэмдэглэсэн байна. Эдгээр санал нь Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газраас тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн өгөөжийг өсгөх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгааг мэдэгдэв.

Талууд Ерөнхий сайдын саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, маргаантай болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг үе шаттайгаар зохицуулан, 2026 оны эхний хагаст багтаан эцэслэхээр тохиролцлоо.