
Ч.Сансар
Нүүрс, газрын тос, байгалийн хийн эрэлт оргил үедээ хүрсэн эсэх талаар хүмүүс олон жилд ярьж маргалдаж байна. Азийн нүүрсний далайн импорт 2025 онд өмнөх оны дээд амжилтаас 4.4%-иар буурсан гэх шинэ мэдээлэл гарсны дараа нүүрсний эрэлтийн талаархи маргаан энэ долоо хоногт шинээр дэгдлээ. Мэдээж нүүрсний эрэлт оргил үедээ хүрсэн гэж хэлэхэд эрт байна.
Kpler судалгааны байгууллагын мэдээлснээр Азийн орнууд 2025 онд 1.09 тэрбум тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.14 тэрбум тонноос буурсан үзүүлэлт юм. Ройтерс агентлагийн тоймч Клайд Рассел энэхүү бууралтыг дэлхийн хамгийн том импортлогч бүс нутагт нүүрсний эрэлт оргил үедээ хүрсэний шинж тэмдэг гэж тайлбарлажээ.
Азийн орнуудын нийт нүүрсний импорт багассан ч Хятадад дотоодын нүүрсний олборлолт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ. Энэтхэгт нүүрсний олборлолт санхүүгийн жилийн эхний гурван улиралд 0.64%-иар буурсан боловч энэ нь эрэлт багассантай холбоотой биш, харин цаг агаарын нөхцөл байдлаас болсон юм.
Салхи, нарны эрчим хүчний салбарт ноёрхдог Хятад улс энэ жил нүүрсний 85 шинэ цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил Хятад улс 4.83 тэрбум тонн нүүрс олборлож, 490 сая тонн импортолсон.
Энэтхэгт нүүрсний салбарын хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт орох магадлалтай болж байна. Саяхан тус улс 2035 оноос хойш нүүрсний станцуудын хүчин чадлыг нэмэхгүй гэж төлөвлөж байсан. Харин одоо Энэтхэгийн засгийн газар энэ шийдвэрээ 2047 он хүртэл хойшлуулах талаар бодож байна. Энэ нь салхи, нарны эрчим хүч нүүрсийг бүрэн орлож чадах эсэхэд эргэлзэж байгааг нотолж байна. Энэтхэг эрчим хүчний хэрэгцээний 70 гаруй хувийг нүүрсээр хангадаг аж.
Нүүрсний үнэ хэлбэлзэлж байгаа нь эрэлт оргил үедээ хүрсэн гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Өнгөрсөн жилийн 6 дугаар сард эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод цэгт хүртэл унасан ч дараа нь дахин өсөж эхэлсэн бөгөөд Австралийн нүүрс 16%-иар, Индонезийн нүүрс 12%-иар нэмэгдсэн. Үнэ өсөх нь импортыг бууруулдаг бөгөөд энэ нь өнгөрсөн жил Азийн нийт нүүрсний импорт буурахад нөлөөлсөн байж магадгүй юм.
Шинээр ашиглалтад орж буй салхи нарны станцуудын тоо буурч байна гэж эрчим хүчний судалгааны “Rystad Energy” байгууллага мэдээллээ.
Сонирхолтой нь тус байгууллага салхи, нар, ус, газрын гүний дулаан болон бусад сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж авсан цахилгаан энэ жил анх удаа нүүрснээс гаргасан цахилгаан эрчим хүчнээс давна гэж өмнө нь таамаглаж байсан билээ.
Дэлхийд сэргээгдэх эрчим хүчний станцууд энэ жил 11,900 ТВт.ц цахилгаан үйлдвэрлэх төлөвтэй байна. Энэ нь шинээр үүсэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг сэргээгдэх эрчим хүч бараг дангаараа хангаж, нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл өсөхөө болино гэсэн таамаг гаргах үндэслэл болсон.
Гэсэн хэдий ч Хятад, Энэтхэг улсууд нүүрсний станцуудыг шинээр барьж байна. Эрэлт өсөхгүй гэж тооцоолж байгаа бол шинэ нүүрсний станц барих шаардлага гарахгүй. Тиймээс эдгээр хоёр улс ирэх жилүүдэд нүүрсийг илүү их ашиглахаар төлөвлөж байгаа гэсэн үг юм.
Мэдээж энэ нь Хятад эсвэл Энэтхэг улс нүүрсийг илүү их импортолно гэсэн үг биш юм. Хоёр улс эрчим хүчний импортын хараат байдлаа бууруулахыг хичээж байна. Жишээлбэл, Энэтхэг саяхан 2030 он гэхэд дотоодын газрын тос, байгалийн хийн салбарт 100 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан. Өөрөөр хэлбэл, зөвхөн импортын тоон дээр үндэслэж нийт эрэлт, нийлүүлэлтийн чиг хандлагыг таамаглах нь өрөөсгөл ойлголт юм.
Эх сурвалж: oilprice.com