
Өнөөдөр (2026.01.27) Америкийн Худалдааны Танхим (Am Cham Mongolia)-ийн оны эхний сар бүрийн ээлжит уулзалт болж өнгөрлөө. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ. Уулзалтын гол зочин илтгэгчээр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн оролцож, "Монголын эдийн засаг 2026: Итгэлцэл, Эрх чөлөө, Боломж" сэдвээр илтгэл тавьж, төрөөс хэрэгжүүлж буй эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг танилцуулсан юм.
2025 оны эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засаг 6.5 хувиар өссөн нь КОВИД-19-ийн дараах сэргэлт бүрэн тогтворжсоныг илтгэж байна. Инфляцийн түвшин 7.5 хувьд хүрсэн нь Монголбанкны зорилтот түвшинд (6%±2) амжилттай хадгалагдаж буй үзүүлэлт юм. Түүнчлэн, ажиллах хүчний оролцоо 62.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөдөлмөрийн зах зээл идэвхжиж байгааг харууллаа.
Гадаад худалдааны хувьд 2025 оны эхний хагаст нүүрсний үнийн уналтаас шалтгаалан экспорт тодорхой хэмжээнд саатсан ч, оны хоёрдугаар хагаст нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, зэсийн үнийн өсөлт (35%-ийн өсөлт) -ийн ачаар энэхүү зөрүүг нөхөж чаджээ. Улмаар 2025 оны эцэс гэхэд гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрэв.
Дэд сайд С.Даваасүрэн илтгэлдээ Монгол Улс дэлхийн 184 орноос эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авч байгааг тоон баримтаар дурдлаа. Тухайлбал, бизнес эхлүүлэх зардал, цаг хугацаа их шаарддаг тул Бизнесийн эрх чөлөөгөөр 85-д, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр Хөрөнгө оруулалтын эрх чөлөөгөөр 109-д жагсаж байгаа буюу харьцангуй тааруу үнэлгээтэй байна.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас хоёр гол хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Нэгдүгээрт, "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" анхдагч хууль. Энэхүү хууль нь төрөөс бизнес эрхлэхэд баримтлах үндсэн зарчмыг тогтоож, төрийн байгууллагуудын зүгээс бизнес хийхэд гардаг саад тотгорыг арилгаж, дэмжихэд чиглэх аж. Мөн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийг байгуулахаар төлөвлөжээ.
Хоёрдугаарт, "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлт. Сүүлийн 13 жилд холбогдох хуульд 17 удаа өөрчлөлт орсон ч бодит үр дүн гараагүйг салбарынхан шүүмжилдэг. Тиймээс шинэ өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын гомдлыг шуурхай барагдуулах систем, маргааныг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх механизмыг нэвтрүүлж, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн чиг үүргийг "нэг цэгийн үйлчилгээ" үзүүлэх байдлаар тодорхой болгох аж.


Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд зөвхөн хууль батлах бус, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хуулийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний шаардлага болохыг талууд онцоллоо.