
Т.Бямбанаран
Шинэ зуун гарснаас хойш төв банкнууд алтны нөөцөө тогтвортой нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд энэ хандлага бүр ч эрчээ авчээ. Инфляц, эдийн засгийн хориг арга хэмжээ, геополитикийн орчны өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн улс орнууд алтыг стратегийн чухал хэрэгсэл хэмээн үзэх нь эрс нэмэгдсэн.
2000 оноос хойш ОХУ алтны нөөцөө 1,948 тонноор нэмэгдүүлж, дэлхийн бусад улсыг ардаа орхив. Харин удаах байранд БНХАУ орсон бөгөөд эдгээр хоёр их гүрэн нийлээд дээрх хугацаанд төв банкнуудын хуримтлуулсан алтны нөөцийн нийт дүнгийн талаас илүү хувийг бүрдүүлжээ.
ОХУ болон Хятад улс яагаад алтыг их хэмжээгээр хуримтлуулж байна вэ?
ОХУ болон БНХАУ алтны нөөцөө ийнхүү огцом нэмэгдүүлж байгаа нь АНУ-ын доллароос хараат байдлаа бууруулах гэсэн стратегийн бодлогын нэг хэсэг юм. Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд өртсөний дараагаар ОХУ доллароос хараат бус байх бодлогоо эрчимжүүлж, валютын нөөцөө царцаах, үнэгүйдэх эрсдэлээс хамгаалах зорилгоор алт руу хошуурах болсон.
Хятадын зорилго мөн л стратегийн шинжтэй. АНУ-тай өрнөж буй худалдааны хурцадмал байдал, юанийг олон улсын валютын системд илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх эрмэлзэл нэмэгдэж буй энэ үед Бээжин алтны нөөцөө аажмаар зузаатгаж байна.
Орос, Хятад хоёр нөөцийн хэмжээгээрээ давамгайлж байгаа ч хөгжиж буй орнууд мөн алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, Энэтхэг улс валютын ханшийн савлагаа, инфляцын эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан алтны нөөцөө 518 тонноор, харин Турк улс 501 тонноор ахиулжээ.
Польш болон Казахстан улсууд валютын нөөцөө төрөлжүүлэх бодлогын хүрээнд тус бүр хэдэн зуун тонноор алтны нөөцөө нэмэгдүүлсэн.
Үүний зэрэгцээ Саудын Араб, Катар зэрэг Персийн булангийн орнууд “Алсын хараа-2030” болон түүнтэй уялдах үндэсний стратегийн бодлогын хүрээнд алтыг ихээр нөөцлөх болжээ.
“Discovery Alert” мэдээллийн эх сурвалжийн үзсэнээр төв банкнууд 2025 он болон түүнээс цаашид ч энэхүү чиг хандлагаа баримталсаар байх аж.
Эх сурвалж: Төв банкнууд, Сент-Луисын Холбооны нөөцийн банк, ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн алтны зөвлөл, Visual Capitalist