
The Mongolian Mining Journal - 2025 оны 12 дугаар сарын дугаар
А.Халиун
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны 11 дүгээр сард дууссан учир УИХ-ын дарга Н.Учрал дараагийн ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Санжаагийн Наранцогтыг нэр дэвшүүлэв.
ШУА-ийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2020 онд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдахад Дэд сайдаар нь ажиллаж байв. Дэд сайдаар ажиллах хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад секторын тэнцвэрийг хадгалах, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх чиглэлд бодлогын олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, шинэ тутам байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яамны макро эдийн засгийн бодлого, хөгжлийн төлөвлөлтийг хариуцах чиг үүрэг, бүтэц, хүний нөөцийн чадавхыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан байна.
Мөн ажиллах хугацаандаа Гадаад валютын улсын нөөц (FX Reserves)-ийг хамгаалах, нэмэгдүүлэх зорилго бүхий Засгийн газрын 362 дугаар тогтоолын төслийг макро эдийн засгийн тооцоололд үндэслэн боловсруулж батлуулсан. Ирээдүйн орлогоор барьцаалсан "офф-тейк" (off-take) гэрээнүүд нь төсвийн болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулж буйг тодорхойлж, Засгийн газрын шийдвэргүйгээр ийм төрлийн гэрээ байгуулахыг зогсоосноор далд өрийг хязгаарлаж, төсвийн ил тод байдлыг хангасан аж. Тавантолгойн нүүрсийг урд хөршид барьцаалж авсан юаниа иргэдэд бэлэн мөнгөөр тараасан эрх баригчдын сонгуулийн өмнөх “нүсэр амлалтууд”-ыг давтагдахгүй байх зохицуулалтыг шийдвэрлүүлж чаджээ.
Татварын суурийг тэлэх чиглэлээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн өртгийн сүлжээг бүхэлд нь цахимжуулж, татварын нэгдсэн E-barimt системд бүртгэх, гэрээний бүртгэлийг ил тод болгох ажлыг санаачилснаар далд эдийн засгийг бууруулж, татвар, гаалийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн гээд тоочвол төрийн яаманд 2 жил ажиллахдаа макро эдийн засгийн чиглэлийн гол ажлыг нугалж, салбартаа үнэлэгдэн дараагийн албан тушаалд шилжжээ.
Төрийн албаны мерит зарчмаар албан тушаалын шат ахиж тасралтгүй ажилласан тэрбээр 2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, төрийн өмчит уул уурхайн компаниудыг удирдах болсноор улс төр болон олон нийтэд илүү танигдсан.
Ашигт малтмалын нөөц ихтэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг толгой компани нь “Эрдэнэс Монгол”. Тус нэгдлийн бүрэлдэхүүнд алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлийн 31 компани харьяалагдаж байна.
Энэхүү эрх, үүргийнхээ хүрээнд Засгийн газар Францын төрийн өмчит “Орано майнинг” групптэй уран олборлох Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж, Францын талтай гэрээний төсөл дээр хамтарч, Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүслийн жагсаалтыг биелүүлэх “хар ажлыг” хариуцаж ажиллахдаа сайшаал, шүүмжлэлийн алиныг ч харамгүй сонсохын хэрээр боловсорч, улс төрийн дэмжлэг авсан төрийн зүтгэлтэн.

Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим баримтлан Францын талтай 18 удаагийн хэлэлцээ хийсний үр дүнд гуравдагч хөрштэй хийсэн хөрөнгө оруулалтын хоёр дахь том гэрээ батлагдсан. Уг гэрээнд Монголын талаас олон улсын стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллыг боловсруулж, Хөрөнгө талын санхүүгийн оруулагч тооцоололтой тулган баталгаажуулсны үндсэн дээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх хувилбарыг баталгаажуулахад С.Наранцогт тэргүүтэй ажлын хэсгийнхэн тууштай ажиллаж, үр дүнд хүрсэн байна.
Монгол Улсын төсөв мөнгөний бодлого, макро эдийн засгийн бодлого боловсруулах, улмаар стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудын ашиглалт, үр ашгийг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах “гал тогоонд” орж ажилласан түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлснийг УИХ аливаа хардлага, сэрдлэггүй хүлээн авав. Түүнийг эдийн засагч хувь хүнийх нь өнцгөөс харвал улсынхаа Төвбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллах нь мэргэжлийн карьерийнхаа дээд түвшинд хүрсэн өндөр албан тушаалд очиж байна.
Төрийн мөнгөний бодлогыг тодорхойлох, валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын сан хөмрөгийг арвижуулах зэрэг үүрэг бүхий Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд С.Наранцогтыг нэр дэвшүүлэх сонсгол 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Төвбанкийг удирдахдаа хэрэгжүүлэх бодлогын талаар сонсголд оролцогчдын зарим асуултад хэрхэн хариулсныг онцолбол:
Монголбанкийг эдийн засгийн гал унтраагч бус, тогтвортой хөгжлийг тэтгэгч болгохыг зорино. Төв банкийг Засгийн газрын касс болгохгүй, төсвийн бодлогын алдааг засдаг, эдийн засгийн өсөлтийн зөв хөшүүрэг болдог мэргэжлийн, стратегийн түнш байх түвшинд хүргэж ажиллах амлалт өгөв.
Төвбанк Засгийн газартай харилцах харилцааг хуулиар зохицуулсан байдаг. Онол, эрх зүйн хувьд Төвбанк бие даасан байдлаар Засгийн газартай харилцах ёстой. Өнгөрсөн хугацаанд Төвбанк шууд болон хагас төсвийн шинжтэй санхүүжилт хийсээр ирсэн нь Монголбанкны үнэлгээг үлэмж дордуулсан. Тиймээс УИХ-ын дэмжлэгтэйгээр Монголбанкны бие даасан байдлыг хангаж, улсын төсөвт хяналт тавих чиглэлээр манлайлж ажиллана.
Арилжааны банкуудын зээлийн 60% нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл импорт болж байна. Монголбанкнаас зээлийн бүтцэд анхаарч, хэрэглээний ялангуяа импорт дэмждэг зээлийг эргэн харах, үйлдвэрлэлийн болон бизнесийн зээлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
Зээлийн хүүг бууруулахын тулд Төвбанкны эрх зүйн хүрээнд эх үүсвэрийн зардалд “мэс заслын” хэмжээний нарийвчилсан судалгаа хийж, зээлийн хүүг бууруулахад анхаарал хандуулна.
Гадны банк оруулж ирэхийг би дэмждэг. Монголд гадны банк орж ирэх эрх зүйн орчин нь нээлттэй. Гадаадын хөрөнгө орж ирснээр эх үүсвэр болон өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн дээр шинэ технологи нэвтрэх, менежмент сайжрах зэрэг олон давуу талтай гэсэн юм.
УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тэрбээр Ерөнхийлөгч болж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.