
Ч. Сансар
Алжир улс Африкийн цөлд анх удаа хүнд даацын төмөр зам барьж ашиглалтад орууллаа. 575 км урт зам нь Сахарын бүс нутагт аж үйлдвэрийн салбар, ашигт малтмалын экспортыг дэмжих зорилготой барьсан томоохон инженерийн байгууламж юм.
Уг төслийг Хятадын төмөр замын барилгын корпораци (CRCC) болон Алжирын төрийн өмчит компаниуд хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Хятадын компанийн Алжирт хэрэгжүүлсэн хамгийн том дэд бүтцийн төсөл юм.
Уг төсөл амжилттай хэрэгжсэн нь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаагийн шинж тэмдэг юм. Барилгын ажилчид Сахара цөлийн хатуу ширүүн нөхцөлд 24 сараас дээш хугацаанд ажиллаж, төлөвлөсөн хугацаанаас гурван сарын өмнө дуусгасан.
Тус төмөр зам нь 160 км цаг хүртэл хурдтай, 32.5 тонн тэнхлэгийн даац бүхий ачааны болон зорчигчийн галт тэрэг тээвэрлэх зориулалттай.
Энэхүү 580 гаруй км төмөр замыг гагнасан ган төмрөөр барьсан бөгөөд үр ашгийг дээшлүүлэхийн тулд Алжирын анхны CPG500 зам тавих машин болон автоматжуулсан гагнуурын технологийг ашигласан.
“Баруун уул уурхайн төмөр зам” төсөл нь Алжирын баруун өмнөд бүс нутагт оршдог, дэлхийд хамгийн том төмрийн нөөцтэй Gara Djebilet төмрийн хүдрийн ордыг аж үйлдвэрлэлийн бүс, боомтуудтай холбож, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортлох зорилготой.
Уг төмөр зам жилд 20 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэж, Алжирын гангийн үйлдвэрлэл нэмэгдүүлэх, экспортын чадавхийг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Төслийн хүрээнд Tindouf мужид 6 км урт PK330 хүнд даацын гүүр баригдсан нь Африкт хүнд даацын хамгийн урт гүүр болсон.
Энэхүү төмөр замын төсөл нь орон нутагт олон мянган ажлын байр бий болгож, 1000 гаруй ажилчдыг сургасан билээ. Алжирын албан тушаалтнууд уг төслийн эдийн засаг, нийгэмд үзүүлсэн үр нөлөөг өндөр үнэлсэн.
Африк тивд ашигт малтмалын ордууд нь далайн боомт болон гол зах зээлээс ихэвчлэн хол байрладаг тул "Баруун уул уурхайн төмөр зам" төсөл нь хүнд даацын цөлийн төмөр замын загвар болж чадна.
Хүнд даацын тээвэрлэлтийг илүү үр ашигтай болгосноор логистикийн зардлыг бууруулж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн худалдааны сүлжээнд Алжир улсын үүрэг ролийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Business Insider Africa