
Б.Төгс
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны ашгаас иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг энэ онд тараах эсэх талаар болон компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийн тухайд товч мэдээлэл (2026.01.07) өглөө.
Тэрбээр “2025 оны хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд нүүрсний зах зээлийн хүндрэлтэй тулгарлаа. Нүүрсний үнэ өнгөрсөн оны тав, зургаан сард сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрсэн. Үүнтэй холбоотой 2025 оны эхний хагас жилд экспорт, борлуулалтын орлого муудсан. Харин сүүлийн хагас жилд БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдээд өнөөдрийн хэмжээнд очсон. Яг одоогоор Хятадын боомт дээр ЭТТ-ийн хатуу коксжих төрлийн нүүрс тонн тутамдаа 980 орчим юань буюу 140 ам.доллартой байна. Мэдээж ЭТТ компани төрийн өмчийн компанийнхаа хувиар буюу шинээр арилжаалж буй бүх нүүрсний арилжааг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар зохион байгуулдаг.
2025 онд 28.6 сая тонн нүүрсийг БНХАУ руу экспортоллоо. Үүнээс биржээр дамжуулан экспортолсон нүүрсний хэмжээг өнгөрөгч оны 12 дугаар сард 50% болгож нэмэгдүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл бид хүргэж өгөх нөхцөлтэй биржийн борлуулалтаас гол ашгаа хийж байна. Нүүрсээ нээлттэй тавиад оролцохыг сонирхож байгаа этгээдүүд дэнчингээ байршуулаад нээлттэй арилжаанд оролцдог. Нүүрсээ зарахдаа үнээ дээш нь өсгөөд тээвэрлүүлэхдээ тендерийн хуулийн ерөнхий гэрээний аргачлалаар хямдхан тээвэрлүүлэх замаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлт маш өндөр үзүүлэлттэй гарсан. 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр компани улс, орон нутгийн төсөвтөө 1.7 их наяд төгрөгийг төвлөрүүллээ. Хэдийгээр нүүрсний үнэ буурч, зах зээл дээр савлагаатай, маш олон хүндрэлтэй нөхцөл байдлууд байсан ч гэсэн 1.7 их наяд төг төвлөрүүлж улсынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ. Мөн өнгөрсөн онд Үндэсний баялгийн санд хуримтлуулах ёстой 397 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд ажиллаж байна. “Тавантолгой түлш” компанитай холбоотой санхүүжилтэд “Эрдэнэс Тавантолгой” тус компанийг байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 1.5 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэ санхүүжилтийг Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа бүх иргэд хүртэж байна гэсэн үг. Улаанбаатарын иргэд шахмал түлшийг өртгөөс нь доогуур авах замаар уурхайн өгөөж хүртэж байгаа юм.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” бусад олон төслийг давхар санхүүжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүдийн хүрээнд 9.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээж, энэ дагуу одоогоор 7.5 их наяд төгрөгийн санхүүжилт олгоод ажиллаж байна. Тэгэхээр 2026 онд “Тавантолгой түлш” компанитай холбоотой, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой маш их хэмжээний санхүүжилт хийнэ. Мэдээж төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Төмөр замаар холбогдож байж нүүрсний экспортоо дахиад нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр 2026 онд бид үндсэн үйл ажиллагаанаас гадуур арга хэмжээний санхүүжилтэд 700 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Мөн Тавантолгойн дулааны станцын бүтээн байгуулалт эхэлбэл бас “Эрдэнэс Тавантолгой” санхүүгийн үүрэг хүлээнэ. Ингээд үндсэндээ манай компани нийт төсөл хөтөлбөрүүдэд 1 их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгохоор ажиллаж байна. Нүүрсний зах зээлийн тухайд 2026 онд ер нь төдийлөн үнийн өсөлтгүй байх прогноз гарсан байна. 2025 оны төгсгөлд байгаа үнэ дээш доош 5-10%-ийн хэлбэлзэлтэйгээр 2026 ондоо үргэлжилбэл ерөнхийдөө хамгийн сайн үр дүн гэж харж байгаа. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” өөрийн үйл ажиллагаанд гарч болох бүх төрлийн хэмнэлтүүдийг хийж, өөрийн хөрөнгө оруулалт, дотоод ажлуудыг бүгдийг багасгаад "хормойгоо шуугаад" ажиллаж байгаа гэж ойлгож болно.
Ногдол ашгийн хувьд ТУЗ-ийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тараах эсэх шийдвэр гаргадаг. 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр ер нь ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Учир нь олон төсөл хөтөлбөрүүдийг бэлэн мөнгөөр санхүүжүүлэн ажиллана. Улаанбаатар хотын иргэдэд жилдээ 300 тэрбум төгрөгөөр шахмал түлшний татаасыг бид өнгөрсөн 6, 7 жилийн хугацаанд олгож иржээ. Энэ нь нийлээд 1.5 их наяд төгрөг, дараа жилтэй нийлээд бараг 2 их наяд төгрөгийн санхүүжилтийг компани олгоод ажиллаж байна.
Манай компани цаашид юун дээр төвлөрч ажиллах вэ гэхээр олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх явдал. Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн орд нь 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд зөвхөн хатуу коксжих төрлийн нүүрсний гэрээнүүд их хийгдэж ирсэн. Тухайлбал 2011 онд байгуулсан Чалкогийн гэрээ, 2021, 22 онд байгуулсан оффтэйк гэрээнүүд бүгд хатуу коксжих нүүрсээр хийгдсэн. Одоо ордын нөхцөл байдал дээр бид ордыг сорчлохгүй байхаар Ашигт малтматлын тухай хуульд заасан энэ арга хэлбэрээрээ явах ёстой. Үүний тулд 2023 оноос хойш манай компани биржийн хуулиар сул коксжих нүүрс буюу 1/3 нүүрс, эрчим хүчний нүүрсээ арилжаалж эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнүүд маань зах зээл дээр сайн танигдаад явж байна. Мөн баяжуулах үйлдвэрээ бүрэн дүүрэн ашиглах ёстой. Ингэж байж дараа дараагийн бүтээн байгуулалтыг, тодруулбал далд уурхайн бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд эхлүүлэхгүй бол үндсэндээ энэ ордын нүүрсний нөөцийн ихэнх хэсэг нь хатуу коксжих төрлийн нүүрс биш. Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20, 30 жилийн төлөвлөлтийн асуудлыг одооноос анхаарахгүй бол болохгүй. Нүүрсний үнэ үргэлж дээгүүр байхгүй. Монголын нүүрсийг тойроод дэлхий эргэхгүй гэдгийг бас бүгд ойлгох хэрэгтэй.
Бортээгийн ордын тухайд Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын 103 дугаар тогтоол 2025 онд гарсан. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжилт гаргахгүйгээр Хөрөнгө оруулагчийг нээлттэй урих байдлаар энэ ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт Засгийн газрын 300 хоногийн төлөвлөгөөнд орсон. Үүнтэй холбоотой “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” дээр холбогдох бэлтгэл ажил, судалгааны ажлыг хийж байна" гэв.