Мягмар гарагт (2025.01.06) зэсийн үнэ дахин шинэ дээд амжилт тогтоолоо. Нийлүүлэлтийн тасалдал болон АНУ-ын худалдааны бодлогын тодорхойгүй байдал нь үнэт металлуудын үнийн огцом өсөлтийг өдөөсөөр байна.
Лондоны металлын бирж (LME): Зэсийн фьючерс гэрээний үнэ 1.8%-иар өсөж, тонн нь 13,225 ам.долларт хүрлээ. Өдрийн эхэнд ханш 3.1%-иар үсрэлт хийж, бүх цаг үеийн хамгийн дээд ханш болох 13,387.50 ам.долларт хүрсэн байна. Зэсийн үнэ өнгөрсөн онд 42%-иар өссөн бол 2026 он гарсаар ердөө хэдхэн хоногийн дотор 6.6%-иар нэмэгдээд байна. Даваа гарагт үнэ анх удаа 13,000 ам.долларын босгыг давсан юм.
Мөн Индонез улс хүдэр олборлолтод хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор никелийн үнэ тонн нь 18,000 ам.долларыг давж, сүүлийн 15 сарын оргилдоо хүржээ.
"Benchmark Minerals"-ийн шинжээч Альберт Маккензийн тэмдэглэснээр, зэсийн үнэ 2025 оны сүүлээс эхлэн нэмэгдсэн бөгөөд зөвхөн 12 дугаар сард л гэхэд 14%-иар өсөж, 12,000 болон 13,000 ам.долларын босгыг хэдхэн долоо хоногийн дотор давсан юм.
Чилийн хойд хэсэгт орших "Capstone Copper" компанийн Мантоверде (Mantoverde) зэс-алтны уурхайд ажил хаялт эхэлсэн нь нийлүүлэлт тасалдах айдсыг дахин төрүүлэв. Хятадын "Tongling Nonferrous" компани зөрчил мөргөлдөөнтэй байгаа Эквадор улс дахь Мирадор (Mirador) уурхайнхаа хоёрдугаар шатны ажлыг хойшлуулж байгаагаа мэдэгдсэн.
АНУ зэсийн импортод татвар ногдуулж магадгүй тухай яриа зах зээлд хүчтэй яригдаж байна. Үүнээс үүдэн АНУ-ын зах зээл рүү зэсийн нөөц их хэмжээгээр урсаж, дэлхийн бусад бүс нутагт нийлүүлэлтийн хомсдол үүсгэн үнийг хөөрөгдөж байна.
Мөн Хиймэл оюун ухааны (AI) хөгжил болон эрчим хүчний шилжилт (ногоон технологи) нь зэсийн урт хугацааны эрэлтийг өндөр түвшинд барих хүлээлттэй байна. Үнийн өсөлт маш хурдацтай явагдаж байгаа тул зарим арилжаалагчид одоогийн үнийн түвшин бодитой эсэхэд эргэлзэж эхэлжээ. Нийлүүлэлтийн эрсдэл болон эрэлт өндөр байгаа ч зах зээлийн сэтгэл зүй болон дамын наймааны хөрөнгө оруулалт (speculative inflows) нь зэсийн суурь үнээс түрүүлж өсөж байгаа эсэх талаар шинжээчдийн дунд маргаан өрнөж байна.
Эх сурвалж: Mining.com