
Ч. Сансар
Замбид ажилладаг Хятадын уул уурхайн компаниуд роялти буюу ашигт малтмалын татвараа юаниар төлж эхэллээ. Энэ нь Хятадын мөнгөн тэмдэгт Африк тивд хүчээ авч байгаагийн шинж тэмдэг юм. Замби улсын эрх баригчид татвараа юаниар хүлээн авдаг болсноо баталгаажуулсан нь Африкт анхны тохиолдол болсон гэж Bloomberg мэдээлэв.
Бээжин юанийн хэрэглээг дэлхийд нэмэгдүүлэх талаар тууштай ажиллаж байна. Үүний нэг шалтгаан гэвэл хятадын санхүүгийн салбарыг барууны орнуудын болзошгүй сөрөг үйлдлээс хамгаалахад оршиж байгаа билээ. Өнгөрсөн жил Африкийн Экспорт-Импортын банк болон Өмнөд Африкийн Стандарт банк нь Хятадын Хил дамнасан банк хоорондын төлбөрийн системд (SWIFT-ийн хувилбар) нэгдсэн бөгөөд энэ нь Африкийн бизнес эрхлэгчдэд АНУ-ын доллар ашиглахгүйгээр Хятадтай юаниар худалдаа хялбархан хийх боломжийг олгосон.
Африк тив нь хятадын юанийг олон улсын валют болгох гэсэн оролдлогын гол талбар болж байна гэж Bloomberg бичиж байна. Өнгөрсөн жил Кени улс Хятадад төлөх ёстой долларын зээлээ юан руу хөрвүүлсэн бол Этиоп улс үүнтэй төстэй алхам хийхээр хэлэлцээ эхлүүлсэн. Мөн Замби улс адил арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгджээ.