Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Miners Awards 2025”: Эрдэс баялгийн салбарын шилдгүүд тодорлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хамтран зохион байгуулж буй эрдэс баялгийн салбарын оны шилдэг компаниудыг шалгаруулах “Miners Awards 2025” ёслолын ажиллагаа Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан (2025.12.25) болж өндөрлөлөө.

Оны шилдэг байгууллагууд

Хайгуул судалгааны шилдэг байгууллага – “Иннова Минерал” ХХК

“Иннова Минерал” ХХК нь Овал зэс-никелийн хайгуулын төслөөрөө “Хайгуул судалгааны шилдэг байгууллага”-аар шалгарлаа. Тус төсөл нь Монгол Улсад анхдагчид тооцогдох магмын гаралтай зэс, никелийн сульфидын системийг шинжлэх ухаанд суурилсан, орчин үеийн арга зүйгээр илрүүлж, үнэлснээрээ онцлог.

Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага – “Цэнгазар” ХХК

 

Говь-Алтай аймгийн Тайшир суманд хэрэгжүүлсэн “Дөрвөлжин” шохойн чулууны орд болон Тайширын шохойн үйлдвэрийн төслийн хүрээнд нийт 126 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, дотоодын түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн импортыг орлох бодит үр дүнг бий болгожээ. Уг төсөл нь бүс нутгийн эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлэх, барилгын материалын дотоодын хэрэгцээг хангах чухал ач холбогдолтой юм.

Хүнд үйлдвэрийн шилдэг бүтээн байгуулагч – “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК

Төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт, ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарын анхдагч, томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Тус үйлдвэр жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барилгын арматур үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг ханган ажиллаж байна. 

Шилдэг инновац, технологи нэвтрүүлэгч байгууллага –”Цайрт Минерал” ХХК 

Төмөртийн-Овооны ордод хэрэгжүүлсэн “Далд уурхайн дүүргэгч материал бэлтгэх технологийн төсөл” нь уул уурхайн үйлдвэрлэлд инновац шийдлийг бодитойгоор нэвтрүүлсэн жишээ боллоо. Уг төсөл нь гүний уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчны эрсдэлийг цогцоор нь шийдсэн инженерийн дэвшилтэт шийдэлд суурилсан бөгөөд гүний уурхайн аюулгүй ажиллагааны зургаан төрлийн хяналтын системийг нэвтрүүлснээр сүүлийн жилүүдэд ноцтой осол, хөдөлмөрийн чадвар алдалт “0” үзүүлэлттэй ажиллаж байна.

Хариуцлагатай уул уурхайн манлайлагч байгууллага – “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь байгаль орчин, нийгмийн хариуцлагыг үлгэр жишээ хэрэгжүүлж, тогтвортой уул уурхайн бодлогыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Тус үйлдвэр нь Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) стандартыг төрийн өмчит байгууллагууд дундаа түүчээлэн нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж буй.

Ирээдүйн инженерүүдийг дэмжигч байгууллага – “Оюу толгой” ХХК

Оюу толгой ХХК нь уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх хамтарсан хөтөлбөрөөрөө шалгарлаа. Рио Тинто компани, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийг 2021 оноос хойш хэрэгжүүлж, нийт 105 суралцагч хамрагдсан бөгөөд 47 оюутанд бүрэн тэтгэлэг олгож, 190 оюутныг уул уурхайн салбарт дадлагажуулжээ. Үүнээс 38 нь геотехникийн инженер мэргэжлээр төгсөж, 19 нь Оюу толгой болон гэрээт компаниудад ажиллаж байна.

Иргэд, орон нутгийн харилцааны үр дүнтэй шийдлийг нэвтрүүлэгч байгууллага – “Бороо Гоулд” ХХК

Бороо Гоулд ХХК нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн менежмент, мод үржүүлэг, зөгийн аж ахуй зэрэг иргэдийн амьжиргаатай шууд уялдсан нийгмийн төслүүдийг орон нутгийн оролцоонд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлж ирсэн.  Тодруулбал, Мандал суманд 4.5 тэрбум, Баянгол суманд 4.1 тэрбум, Сэлэнгэ аймагт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд тус тус оруулсан байна.